УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.05.10) хуралдаан 10 цаг 05 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулав. УИХ 2018 оны тавдугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу УИХ-ын гишүүн Н.Учрал нарын зургаан гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн “Монгол УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгтгэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болжээ. УИХ-ын гишүүн Н.Учрал нарын зургаан гишүүн өргөн мэдүүлсэн төслүүдээ тавдугаар сарын 03-ны өдөр татан авчээ. Иймд Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны тавдугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Байнгын хороо Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн санал авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд тусгаж эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн гэлээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва асуулт асууж, хариулт авсны дараа төслийг батлах санал хураалт явуулав.
Оюуны өмчийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг 2016 онд нэгтгэсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан оюуны өмчийн эрхүүдийг баталгаатай эдлүүлэх, олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Улсын бүртгэлийн хяналтын алба нь улсын бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих буюу дотогшоо чиглэсэн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Харин оюуны өмчийн улсын хяналт нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа нь оюуны өмчийн олон улсын гэрээ, хэлэлцээр болон хууль тогтоомжуудыг зөрчсөн эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчилд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх замаар гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ хоёр чиг үүргийн хяналтыг нэгтгэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн газрыг өөрчилж, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар болгох агуулга бүхий тогтоолын төслийг батлахыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь дэмжлээ. Ийнхүү шийдвэрлэснээр оюуны өмчийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн оюуны өмчийн эрхийг хамгаалах, инновацийг хөгжүүлэх, технологи инновацийн төв байгуулах, иргэдийн оюуны өмчийн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа хийх, оюуны өмчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, оюуны өмчийн эрхийн зөрчилтэй тэмцэх тогтолцоо бэхжиж байгаа юм байна.
Олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийг баталлаа
Дараа нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулав. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан юм.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг баталжээ. 2004 оноос үйлчилж эхэлсэн уг гэрээн одоогоор нийт 144 орон нэгдээд байгаа юм байна. Гэрээг соёрхон баталснаар манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган, халуун, өвчин, хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, чанартай хүнс тэжээлийн шинэ таримал, түүнийг сортуудыг бий болгох, сайжруулахад дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах боломж бүрдэнэ. Түүнчлэн энэхүү гэрээний дэргэдэх сангийн хөрөнгөөс шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг авч ашиглах бололцоо бий болох аж. Ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах ажлыг сайжруулахад шаардлагатай техник, технологийн дэмжлэг авах, боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр олон улсын нийгэмлэг болон бусад донор байгууллагын дэмжлэгийг авах нөхцөл бүрдэх талаар Д.Цогтбаатар сайд танилцууллаа. Байнгын хороо тавдугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа уг төслийг хэлэлцэн гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, М.Билэгт, Г.Мөнхцэцэг нар Гадаад харилцааны сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж, санал хэлсэн гишүүд манай оронд мал аж ахуй голлодог онцлогтой тул гэрээнд нэгдэн орсноор бэлчээрийн ургамлын генетикийн өөрчлөлтийн чиглэлээр судалгаа явуулж, шаардлагатай арга хэмжээ авах бололцоо бүрдэх эсэхийг тодруулж байв. Мөн манай улсын хөдөө аж ахуйн салбарын судалгааны шинжилгээний байгууллагын тогтолцоог бэхжүүлж, чадавхижуулах, бодлогоор дэмжих, байгалийн гаралтай органик бүтээгдэхүүнээ экспортлох чиглэлээр холбогдох яамд ажиллах зэрэг саналыг хэлсэн.
Монгол Улсын хэмжээнд ургамлын генетик нөөцийн судалгааны талаарх мэдээллийг ажлын хэсгээс өгсөн. Сүүлийн 30 гаруй жилийн судалгааны дүнд бүрдүүлсэн 70 орчим таримлын 20500 дээжийг урт болон богино хугацаанд хадгалах, таримал ургамлын генийн сан Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнд байдаг. Харин Мал аж ахуйн хүрээлэнд бэлчээр, тэжээлийн ургамлын 1800 дээж, сортын ургамлын генийн сан байдаг гэлээ. Гэрээнд нэгдэн орсноор судалгаанд дэвшилт гарах, олон улсын хамтын ажиллагаа эрчимжих боломжтой бөгөөд өөрийн санд байгаа мэдээлээ гишүүн орны судалгааны байгууллагад хуваалцах үүрэг хүлээнэ гэдгийг Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Таримал ургамлын секторын эрхлэгч Т.Атарсайхан хэллээ.
Ингээд санал хураалт явуулахад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.
Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг батлав
Мөн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан. Байнгын хороо тавдугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулиудын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хуулийн дагаж мөрдөх хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр байхаар өөрчлөн найруулсан байна. Түүнчлэн 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ногдуулсан гаалийн албан татварыг аж ахуйн нэгжид буцаан олгох заалтыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусган зохицуулахаар холбогдох төслийг боловсруулжээ. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу төслийн 1 дүгээр зүйлд “гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалттай мод” гэж нэмж тусгах, олонхийн дэмжлэг авсан бусад саналыг нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хуулийн дагаж мөрдөх хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр байхаар өөрчлөн найруулжээ. Үүний зэрэгцээ 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг аж ахуйн нэгжид буцаан олгох заалтыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусган зохицуулах хуулийн төслийг боловсруулсан байна. Төслийн 1 дүгээр зүйлд “гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалттай мод” гэж нэмж тусгах, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан болохыг О.Батнасан гишүүн танилцууллаа.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзэв. Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Дараа нь хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62 хувь нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжив. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон 50 гишүүний 62 хувь нь дэмжиж баталлаа. Хуулиудыг баталснаар импортоор оруулж ирж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц, гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалттай модыг гаалийн албан татвараас, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж ирж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц, гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалттай модыг НӨАТ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус чөлөөлөх юм.
Анхны хэлэлцүүлгээр хуулийн төслүүдийг батлав
Хуралдаанаар үргэлжлүүлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслүүдийн талаар УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулагадаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн төслүүдийг тус тус боловсруулжээ. Төсөлд 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ногдуулсан гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг аж ахуйн нэгжид буцаан олгохтой холбоотой зохицуулалтыг тусгасан гэлээ. Мөн Төсвийн байнгын хороогоор төслүүдийг хэлэлцэх үеэр анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг гишүүдийн олонхи дэмжсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжсэн тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 56 хувь нь дэмжснээр уг хууль батлагдсан бол Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг гишүүдийн 66 хувь дэмжин баталлаа. Үүний үр дүнд ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд 2018 оны хугацаанд төлсөн гааль, НӨАТ-аа буцаан авах нөхцөл бүрдэж байна.
Өнөөдрийн чуулганы хуралдааны төгсгөлд Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль зүйн байнгын хороо төслийг анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. Байнгын хороо 2018 оны тавдугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, анхны хэлэлцүүлгээр батлуулах нь зүйтэй хэмээн олонх нь дэмжсэн байна. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, хариулт авсан. Ингээд анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ингэснээр Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүд 68 хувийн саналаар дэмжин баталснаар Пүрэв гарагийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.