Парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2018/04/30 12:46 720

Бүгд Найрамдах Ирланд Улсын парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд нар албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Хүндэт зочин, ноён Шон О’Фарелийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, “Энэ жил Монгол Улс, Ирланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Манай улс Европын Холбооны гишүүн, уламжлалт найрсаг харилцаатай Ирланд Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт хөгжүүлэх эрмэлзэлтэй байдаг” гэв.

Тэрбээр хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, Парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ноён Шон О’ Фарелийн айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ноён Шон О’Фарел найрсаг дотноор хүлээн авч буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, “Миний айлчлал Парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны хамтын ажиллагааг боломжит бүх салбарт өргөжүүлэх гэсэн хоёр үндсэн зорилгод чиглэж байгаа юм” гэж тэмдэглэлээ.

Тэрбээр иргэд хоорондын харилцааг улам гүнзгийрүүлэх замаар найрамдал нөхөрлөлөө бэхжүүлэх, мал аж ахуй, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсролын зэрэг салбарт харилцан ашигтай, өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэх бүрэн боломж бий гэдгийг онцоллоо.

-Ирланд бол хөдөө аж ахуйгаа сайн хөгжүүлсэн орон. Манай адуу үржүүлэг, хурдан морины соёл, уралдаан дэлхийд алдартай. Аялал жуулчлал манай гол салбарын нэг. Монгол Улсын адил үзэсгэлэнт байгальтай, түүх, соёлын дурсгалт газар олонтой. Тиймээс эдгээр чиглэлээр хамтран ажиллах нь үр дүнтэй байх болно. Түүнчлэн манай улсад дэлхийн хэмжээний боловсрол олгодог шилдэг их, дээд сургууль цөөнгүй бий. Тиймээс Монголын их, дээд сургуулиудтай хэлхээ холбоо тогтоохоос гадна монгол залуусыг сургахад бид бэлэн байна гэлээ.

Ирланд Улс 5.0 сая хүн амтай, олон жил Их Британийн нөлөөн дор явсан. Монгол Улс хүн ам, хөршүүдийн нөлөө зэргээрээ бидэнтэй олон зүйлээр ижил төстэй. Тиймээс Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Европын холбоог төлөөлсөн маш сайн гуравдагч хөрш нь болохыг бид эрмэлзэж байна гэж ноён Шон О’Фарел хэлэлцээний үеэр онцлон тэмдэглэлээ.  

УИХ-ын дарга М.Энхболд “Монгол Улс парламентын эртний түүхтэй орон. Парламентын анхны хэв маяг тэртээ 1200-гаад оны эхэн үед оршин тогтнож байсан нь Их хуралдай бөгөөд эндээс Их хаанаа өргөмжилдөг байсан. Өдгөө бид ардчилсан ёс, парламентын засаглалыг сонгож, шинэ түүхээ бичиж байна” хэмээн Хүндэт зочиндоо сонирхууллаа.

-Хоёр орны хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжих боломжийг бүрдүүлэхэд хууль эрх зүйн аятай таатай орчин нэн чухал. Тиймээс энэ чиглэлээр илүү их хүчин чармайлт гаргах ёстой гэж бодож байна. Таны хэлсэнчлэн боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт амжилттай хамтран ажиллах өргөн боломж бий. Түүнчлэн батлан хамгаалах, терроризмтай тэмцэх салбарт харилцаагаа хөгжүүлэх хүсэлтэй байна хэмээн УИХ-ын дарга М.Энхболд тэмдэглэлээ.

Мөн улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь нь иргэд хоорондын харилцаа байдгийг онцлоод, Ирланд Улсад ажиллаж амьдарч буй 1000 орчим монгол иргэдэд оршин суух, хөдөлмөрлөх таатай нөхцөл боломж бүрдүүлэхэд анхаарлаа хандуулахыг ноён Шон О’Фарелээс хүслээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Манай улсын эдийн засгийн гол салбар нь уул уурхай. Нийт экспортын 90 орчим хувийг энэ салбарын бүтээгдэхүүн, түүхий эд эзэлдэг. Бид энэ байдлаа өөрчилж, эдийн засгаа төрөлжүүлэх, 70 орчим сая малын нөөцөө түшиглэн хөдөө аж ахуйгаа эрчимтэй хөгжүүлэх, хүнсний экспортыг нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа. Үүнд Ирландтай тогтоосон хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн яамд хооронд ойрын үед хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулагдана гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр энэ салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжих үндэс суурь тавигдах болно” гэж тэмдэглэлээ.

Мөн Ази-Европыг холбосон дөт замын зангилаан дээр оршдог, эртний түүх, соёлтой Монгол Улсын хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх, яамд хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн уламжлалаа цаашид хадгалах, 2020 онд болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд Ирланд Улсыг дэмжихээ нотоллоо. Тэрбээр Ирландад Монгол Улсын Өргөмжит консулаар ноён Марк Шерри 2015 оноос хойш амжилттай ажиллаж буйг дурдаад, Ирланд Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулыг томилоход анхаарлаа хандуулахыг хүслээ.

Ноён Шон О’Фарел хоёр орны хооронд бодит хамтын ажиллагаа өрнүүлэх УИХ-ын дарга М.Энхболдын санал, санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, батлан хамгаалах, терроризмтай тэмцэх салбарт хамтран ажиллах талаар Монгол Улсын салбар хариуцсан сайд нартай уулзах үеэрээ хөндөж ярилцах болно гэв.

Түүнчлэн дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд хоёр улсын соёл, түүхийг сурталчилсан арга хэмжээг Улаанбаатар, Дублин хотын аль нэгэнд  зохион байгуулах УИХ-ын дарга М.Энхболдын саналыг дэмжиж байгаагаа тэмдэглээд, энэ оны 9-р сард Дублинд болох эмэгтэй парламентчдын уулзалтад Монголын парламентын эмэгтэйчүүдийн төлөөллийг оролцуулахыг УИХ-ын даргаас хүссэн юм. Энэхүү хүсэлтийг анхааралдаа авч байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд илэрхийлэв.

Ноён Шон О’Фарел УИХ-ын дарга М.Энхболдыг Ирланд Улсад боломжтой цагтаа албан ёсоор айлчлахыг урьсныг талархан хүлээж авлаа.

Хэлэлцээнд УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга Г.Тэмүүлэн, БНИУ-аас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Оуэн О’Лири нарын зэрэг албаны хүмүүс байлцав.