Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2018/04/24 17:05 575

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.04.24) хуралдаан 14 цаг 24 минутад 52.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төсөл нь одоо тулгамдаад байгаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ.

Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт  бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Улмаар тус Байнгын хороо өнгөрсөн Баасан гарагт хуралдаж, уг хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулахаар болсон юм.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулга хийлээ. Ажлын хэсэг өчигдөр хуралдаж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэжээ. Тухайлбал, хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 6.9.1 дэх хэсгийн “эд мөрийн” гэснийг “нотлох” гэж өөрчлөх, төслийн 4 дүгээр зүйлийг хасаж, хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Ингээд Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат нийгэмд багагүй хүлээлт үүсгэж, олон нийтийн анхааралд байгаа энэ хуулийн төслийг яаралтай батлах шаардлагатай байгаа тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулъя гэсэн горимын санал гаргасан боловч төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсан учраас дэгийн хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээр нь батлуулах боломжгүй гэж үзэв.

Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр болов

Дараа нь Засгийн газраас энэ сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Оюуны өмчийн газрыг татан буулгаж, Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болгож өөрчлөн байгуулж оюуны өмчийн эрхийг хамгаалах төрийн чиг үүргийг бүртгэлийн байгууллагад шилжүүлж нэгтгэснээр Монгол Улсын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын тогтолцоог алдагдуулж, сулруулах нөхцөл болж байна. Учир нь улсын бүртгэлийн хяналтын алба нь улсын бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих буюу дотогшоо чиглэсэн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг бол оюны өмчийн улсын хяналт нь зохиогчийн эрх, патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиудад заасан иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь оюуны өмчийн олон улсын гэрээ, хэлэлцээрүүд болон дотоодын хууль тогтоомжуудыг зөрчсөн эсэхэд хяналт тавих замаар гол төлөв гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ хоёр чиг үүргийн хяналтыг нэгтгэснээр оюуны өмчийн улсын хяналтын тогтолцоо ойлгомжгүй, хэрэгжихэд хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэж байна гэж Засгийн газар үзэж байгаа аж. Эдгээр үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг хангах, олон улсын гэрээ, конвенциар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх зорилтын үүднээс оюуны өмчийн байгууллагыг бие даалгаж байгуулахаар Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулжээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 10 гишүүн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг чиг үүргийн хувьд хоёр тусад нь зохион байгуулж оюуны үйлдвэрлэл, оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, иргэн, хуулийн этгээдийн оюуны өмчийн эрхийн баталгааг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачилж өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж дэмжсэн билээ.

Тогтоолын төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, О.Содбилэг нар Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, ер нь оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллага нь байнга тусдаа байж, өөр өөрийн чиг үүргээ хэрэгжүүлж ирсэн байгууллагууд. Одоогоор нэгтгэсэн ч гэсэн оюуны өмчийн газар нь хуучин ажиллаж байсан байрандаа байгаа, цалин нь төсөвт байгаа, харин нэг даргын цалингийн асуудал яригдах байх, үүнийг сайдын багцаас шийдээд явах боломжтой. Цаашид Оюуны өмчийн газар гэсэн нэрээрээ явах нь зүйтэй гэж Засгийн газар зарчмын хувьд үзсэн гэлээ. Мөн тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг оюуны өмчийн газрыг бие даалгаснаар гадаад хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, олон улсад нээлттэй, ойлгомжтой болгоход сайн талтай гэж үзэж байгаа. Бүтэц, орон тоо, төсөв санхүүгийн хувьд өөрчлөлт гарахгүй. Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд заасны дагуу оюуны өмчийн багц хуулийн төслийг шинэчлэн боловсруулж Улсын Их Хурлын намрын чуулганд оруулж хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа гэсэн хариулт өгсөн юм.

 Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдээс санал гараагүй тул санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ.