Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраман нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2018/03/09 09:27 1304
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
Түүнийг Анкара хотын “Эсенбоа” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхэд Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд , БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн дарга Мехмет Эрдоан нар угтав.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд  айлчлалынхаа эхний өдөр БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахрамантай ганцаарчилсан уулзалт хийсний дараа албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээнд Монголын талаас Элчин сайд Р.Болд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Г.Солтан, Б.Пүрэвдорж нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Ноён Исмаил Кахраман хэлэлцээний эхэнд “Манай хоёр улс, үндэстэн угсаа гарал нэгтэй, түүхэн хэлхээ холбоогоор гагнагдсан учраас энэхүү айлчлалыг онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. Үндэсний Их Хурал болон Туркийн ард түмний нэрийн өмнөөс айлчлалд тань амжилт хүсье” гэв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНТУ-д албан ёсоор айлчилна уу хэмээн урьж, Монголын парламентын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буйд нь ноён И.Кахраманд талархал илэрхийлээд “Энэхүү айлчлал зөвхөн хоёр парламентын хооронд төдийгүй хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болж байна” хэмээн онцлов.
Ноён И.Кахраман “Тодорхой шалтгааны улмаас хэсэг хугацаанд удааширсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хоёр талаас ихээхэн хүчин чармайлт тавьж байна. Энэхүү хэлэлцээний үеэр ноён УИХ-ын дарга бид хоёрын гарын үсэг зурах хоёр парламент хоорондын хамтын ажмллагааны протоколыг хэрэгжүүлэх бичиг баримт, хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд байгуулах хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг нь харилцааг шинэ шатанд гаргахад чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
 
Улсын Их Хурлын дарга М.Энхболд:
 
-Монгол Улсын гуравдагч хөрш, Иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий Турк Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаагаа ямагт өндрөөр үнэлсээр ирсэн. Өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд үүнд чухал хувь нэмэр оруулсан. Монгол Улсын Их Хурлын даргын хувиар миний хийж буй энэ айлчлал ч гэсэн улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.
Хоёр талын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал нөлөөтэй. Тиймээс зөвхөн парламентын дарга, дэд даргын айлчлалаар хязгаарлалгүйгээр парламентын бүлэг, Байнгын хороод, гишүүд, Тамгын газар, ажилтнууд харилцан зочилж, ажил хэрэгч уулзалт ярилцлага тогтмол зохион байгуулж, бие биенийхээ туршлагыг судалж, мэдээлэл солилцож байх нь чухал юм гэж хэллээ.
 
 
Түүнчлэн Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА-гийн санхүүжилтээр УИХ-ын номын санг цахим хэлбэрт шилжүүлэх, хэвлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг амжилттай хийснийг дурдлаа.
Мөн хоёр орны батлан хамгаалах, хууль сахиулах салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулах, үүний тулд бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын харилцан итгэлцэл дээр суурилсан харилцааг бий болгоход чиглэсэн бизнес уулзалт, форум семинар зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллах нь чухал юм хэмээн тэмдэглэлээ.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, барилга, хот байгуулалт, дэд бүтэц, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спортын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдаад, зарим тодорхой саналыг тавилаа. Түүнчлэн ТИКА-гийн шугамаар төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байсан уламжлалаа үргэлжлүүлэх, түүний дотор Баян-Өлгийн Цагааннуурын чөлөөт бүсийг хөгжүүлэх, Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг ноён И.Кахраманаас хүслээ.
Тэрбээр Сирийн дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, бүс нутагтаа үлгэр жишээ болж байгаад нь Туркийн төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлээд “Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн уламжлалаа цаашид өргөжүүлэхийн төлөө байна” гэв.
Туркийн Үндэсний Их Хурлын дарга, ноён И.Кахраман нөхөрсөг, ах дүүгийн харилцаагаа улам өргөжүүлж, тодорхой түвшинд аваачих, Турк-Монголын хооронд төдийгүй гадаад түвшинд эдийн засгаар хамтран ажиллах, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг бусад салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр “2015 оны долдугаар сард Туркт болсон төрийн эргэлт хийх оролдлогыг Монгол Улс анхнаас нь эсэргүүцэж, Туркийн хууль ёсны Засгийн газар, ард түмнийг дэмжиж байсныг бид хэзээ ч мартахгүй” гэлээ.
Хэлэлцээний төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, БНТУ-ын  Үндэсний Их Хурлын дарга И.Кахраман нар “Хоёр парламент хоорондын хамтын ажиллагааны протоколыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа.
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БНТУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Жүлиде Сарыеролу нар гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрээр Туркт ажиллаж, амьдарч буй монгол иргэд болон Монголд буй турк иргэд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ тэтгэвэр авахдаа тооцуулах боломж бүрдэх юм.
Эдүгээ БНТУ-д 4000 орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бол Монгол Улсад 214 турк иргэн байгаа юм. Тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү хэлэлцээр чухал ач холбогдолтой юм.
Баримт бичигт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Алтан гадас” олонгоор шагнагдсан БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн дарга Мехмет Эрдоанд шагналыг нь Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардууллаа.
Ноён Мехмет Эрдоан нь Монгол-Туркийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн даргаар 2007 оноос хойш ажиллаж байгаа, Монголын төлөө гэсэн чин сэтгэлтэй төрийн зүтгэлтэн юм.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ өдөр Бүгд Найрамдах Турк Улсыг үндэслэгч Ататюркийн бунханд цэцэг өргөж, Хүндэт зочны алтан дэвтэрт гарын үсэг зурлаа. Орчин үеийн Туркийн “эцэг” гэгддэг Мустафа Кемил Ататюрк улс үндэстнээ чөлөөлөх хувьсгалыг удирдаж, 1923 онд БНТУ-ыг байгуулж, анхны Ерөнхийлөгчөөр нь ажиллаж, улс орныг бүхэлд нь хамарсан нийгэм, улс төр, хууль эрх зүйн шинэтгэлийг хийсэн, үндэсний баатар билээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд Анкара хотоос мэдээлэв.