Ардчилсан Намаас тавьсан шаардлагад УИХ хариу өгчээ

2018/02/01 10:58 646

Ардчилсан Намаас 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр 010 тоот албан бичгээр татвар, агаарын бохирдлыг бууруулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэсэн 3 асуудлыг хөндсөн шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод ирүүлсэн билээ.

Уг шаардлагын хариуг УИХ-аас 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр тус намд хүргүүлсэн байна.

“Шаардлагын хариу” бичигт хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон шаардлагад дурдсан бусад татварыг бууруулах чиглэлээр УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар дурдсан байна.

Тухайлбал, “Улсын Их Хурал энэ өдрүүдэд хувь хүний орлогын албан татварыг 10 хувийн нэг шатлалтай болгох, түүнчлэн эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг нээх, хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй бол эрэгтэй 55, эмэгтэй 50 насанд тэтгэвэрт гарч болох, тэтгэврийн насыг жилд 6 сараар нэмэх байсныг 3 сар болгож бууруулах асуудлаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад хууль, тогтоолын төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэцэж байна” гэжээ.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хэд хэдэн хуулийн төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэлцэн баталж, УИХ-аас Ажлын хэсэг байгуулан ажиллаж, “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол гаргаад байна. Түүнчлэн БОХХАА болон НББСШУ-ны байнгын хороодын хамтарсан тогтоолоор Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа ажилтай танилцаж, оновчтой шийдэл, арга хэмжээний талаар санал боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн талаар дурджээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар уг төслийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт АН, түүний төлөөллийг оролцуулж, харилцан зөвшилцөх, нэгдсэн ойлголцолд хүрэх арга хэмжээ авч ажиллахыг Ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанд чиглэл болгосон талаар мэдээлсэн байна.

Албан бичигт “…Танай намын шаардлагад дурдсан зарим асуудал бүрэн шийдэгдэж, ойрын хугацаанд холбогдох шийдвэр гарах нь тодорхой болсон тул олон түмний санаа бодлыг үймүүлэх, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хохиролтой аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүсье” гэсэн байна