Төв аймгийн Эрдэнэ сумын цэцэрлэг маргаашнаас хэвийн ажиллана

2018/01/30 19:13 5556

УИХ-ын дарга М.Энхболдын өгсөн үүргийн дагуу түүний “Ажлын алба” Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллаж, “Номин” хүүхдийн цэцэрлэгийн байранд гарсан гал түймрийн байдалтай газар дээр нь танилцжээ. 

Халамжийн “Номин” цэцэрлэг нь 2001 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн 1000 гаруй хүүхдийг сурган хүмүүжүүлсэн юм. Энэ жилийн хувьд тус цэцэрлэгт 112 хүүхэд суралцаж байжээ.
М.Энхболд дарга цэцэрлэг нь шатсан Төв аймгийн Эрдэнэ, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны хүүхдүүд болон багш, ажилтнуудад нэн түрүүнд шаардлагатай байгаа хүнс, эд материал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тусламж үзүүлэх талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд нарт хандан албан тоот илгээж, орон нутгийн удирдлагатай холбогдон шуурхай арга хэмжээ авчээ.
Төв аймгийн Эрдэнэ сумын болон “Номин” цэцэрлэгийн удирдлагууд хуучин бага сургуулийн байранд, маргааш буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-нээс цэцэрлэгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гарган, бэлтгэл ажлаа хангаж байна.


УИХ-ын дарга 112 хүүхэд сурч хүмүүжиж байсан “Номин” хүүхдийн цэцэрлэгийн цаашдын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авахын зэрэгцээ цэцэрлэгийн шинэ барилга барихад зориулан хувиасаа мөнгөн тусламж үзүүлэхээ илэрхийлжээ.

М.Жаргал