Б.Гүнбилэг: Эх орноо хамгаалахын тулд хэрэглээгээ эх оронч болгох хэрэгтэй байна

2018/01/24 12:39 1017
УИХ-ын дарга М. Энхболдын гаргасан Сүү, цагаан идээний хэрэглээний уриалгын талаар УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэгтэй ярилцлаа. 
 
-Тэгэхээр УИХ-ын дарга сүү, цагаан идээг бүх нийтээрээ хэрэглэж хэвшье гэж уриалга гаргажээ. Энэ чухам ямар бодлогоор ямар учраас ийм уриалга гаргасан юм бэ?
 
-Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын уриалгын гол утга нь хүнсний аюулгүй байдал, үүнээс үүдсэн иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдлын тухай асуудал юм. 12 настай хүүхдүүдийн дунд хийсэн судлагаагаар 94% нь шүдний өвчлөлтэй байна. Нийт хүн ам жилдээ элсэн чихэр болон түүгээр орлуулсан бүтээгдэхүүн, цаашлаад давс, хийжүүлсэн ундааны хэрэглээнээс болж, бие физиологийн хувьд маш их өөрчлөлт ордог. Тэр дундаа зүрх судасны өвчин, сахарын өвчин гээд олон төрлийн өвчний суурь шалтгаан болдог гэж мэргэжлийн хүмүүс мэдээлж байна. Энэ улс үндэсний аюулгүй байдлын хэмжээнд аюулын дохио өгч байна. Иймд УИХ-ын дарга мэргэжлийн судалгааны байгууллагуудын гаргасан энэхүү судалгаан дээр үндэслэн Монгол Улсад хүнсний аюулгүй байдлын тэр дундаа хүнсний зохисгүй хэрэглээний талаар мэдээлэх, зөв хандлага хэрэглээг хэвшүүлэх тал дээр санаачлага гарган нийт иргэддээ уриалж байгаа юм. 
1918 онд хийсэн судалгаан дээр хүнсний хэрэглээний 55% нь цагаан идээ байжээ гэсэн байдаг юм байна. Гэтэл өнөөдөр цагаан идээний хэрэглээ хэдэн хувь нь байгаа вэ гэдэг дээр асуудал үүсгээд байна гэж эрүүл мэндийнхэн ярьж байна. Цаашдаа цагаан идээгээ хэрэглээд занших юм бол эдийн засаг эрүүл мэнд болоод улс орныхоо өмнө хүлээсэн иргэнийхээ үүргийг биелүүлж байгаа юм шүү гэдгийг нийт ард иргэддээ уриалж байгаа юм.
 
-Сүү, цагаан идээний хэрэглээ, худалдаа удахгүй болох цагаан сарын үеэр нэмэгддэг. Харамсалтай нь бусад улиралд нийтийг хамарч чаддаггүй. Тиймээс цаашид ямар ажлуудыг хийсэн зөв бэ?  
 
-Цагаан сарын баярын өдрүүдээр бус жилийн дөрвөн улиралд өдөр тутмын амьдрал ахуйдаа хэрэглэж хэвших нь зөвхөн эрүүл мэндийн аюулгүй байдалд чухлаас гадна эдийн засгийн аюулгүй байдлын хувьд тустай юм. Жилд 21.4 сая ам.долларын чихэр, чихрээр орлох бүтээгдэхүүнийг Монгол Улс гаднын орнуудаас худалдан авч байна. Хэрвээ Монгол Улс цагаан идээгээ бусад төрлийн хүний биед хортой идээний оронд хэрэглэж хэвшвэл олон давуу тал харагдаж байна. Эдийн засгийн хувьд хот суурин газарт төвлөрөөд байгаа агаарын бохирдол гэж яригдаж байгаа зүйлийн гол шалтгаан нь ажилгүйдэл юм. Ажилгүйдлийг багасгах ажлын байрыг нэмэгдүүлэхэд орон нутгаас бараа бүтээгдэхүүн худалдаж авах, тэнд ажлын байр нэмэгдүүлэх шаардлага үүсч байгаа юм. Монгол Улсын хувьд цагаан идээгээ хэрхэн, яаж хийх талаар хэн нэгнээр заалгахгүйгээр уламжлалт бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэнэ. Шинэ дэвшилтэт технологиуд ч гарч байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжие гэх боловч, бодитоор дэмжих үүрэг нь хэрэглэгчдэд бий гэдгийг ойлгуулах ёстой.
 
-Энэхүү уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгчид, Засгийн газарт хүргүүлсэн гэсэн. 
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгад хандан аж ахуй, нэгж байгууллага, иргэн бүрт хүргэх зарлиг гаргаачээ гэсэн албан тоот явуулсан. Аливаа байгууллага, аж ахуйн нэгж, өрх гэр зочин гийчин хүлээж авахдаа тавгын идээгээ чихрээр бус цагаан идээгээрээ тавих тухай зарлиг байх юм. Мөн Монгол Улсын засгийн газарт цаашдаа цагаан идээний үйлдвэрлэл, үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарыг дэмжих томоохон аян өрнүүлэх боломжийг судлаж, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хандсан. Хөдөө орон нутагт байгаа малчин ард иргэд, өрхүүдийг эдийн засгийн хувьд яаж дэмжиж болох вэ гэдэг талаас нь судалгаа хийж, шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг УИХ батлаж болно. Тухайлбал, газар тариаланд тонн будаанд өгч байсан урамшуулал шиг урамшуулал өгөх боломжтой гэсэн санал ч бий.
 
-Жил болгон л бид бүхэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэснийхээ бэлгийг бие биендээ бэлэглэе гэсэн ийм уриалгыг үе үеийн засгийн газар ярьж хэлдэг шүү дээ. Энэ жилийн хувьд УИХ-ын даргыг уриалга үүнтэй холбогдож байгаа гэж сонссон. Судалгаа тооцоо ямар байна вэ? 
Үндэсний үйлдвэрлэлийг хэр зэрэг дэмжиж байна?
 
-Өнгөрсөн онд Улаанбаатарын 1000 хүнээс авсан судалгаагаар 91% нь цагаан сар тэмдэглэдэг ба үүнээс 67% нь 500.000 төгрөгийн бэлэг авдаг, 16% нь 1 сая төгрөг болон түүнээс дээш бэлэг авдаг гэсэн байна. Тэгэхээр энэ их бэлэг, энэ их мөнгөний зарцуулалтыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд зориулах юм бол Монгол Улсын иргэн бүрийн Үндсэн хуулийн дагуу хүлээсэн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлэх үүрэг хэрэгжих юм. Таалагдах бэлэг олдохгүй бол мөнгөн дэвсгэртээ барьж болно. Бид чинь Үндсэн хуулиараа эдийн засгаа дэмжих, эрүүл аюулгүй байдлаа хамгаалахаар хүлээсэн үүрэгтэй иргэд гэдгээ нэг л сайн ойлгож өгөхгүй байгаа юм. Эх орноо хамгаална гэхээр хил дээр байгаа цэргийн тухай бодоод байж болохгүй. Эх орноо хамгаалахын тулд иргэн бүр хэрэглээгээ эх оронч болгох хэрэгтэй байна. Үндэсний бүтээгдэхүүн худалдан авалт бүр чинь хэн нэгэн монгол өрхийн орлого болж, үр хүүхдүүдийг нь дэмжиж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. 
 
Ярилцсан: Д. Гэрэл 
Эх сурвалж: "Өдрийн сонин"