Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2018/01/26 16:14 615

Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан (ЭЗХХАС)-ийн зээл нь БНСУ-ын Засгийн газраас тус улсын аж ахуйн нэгжийг дэмжин олгодог экспортын зээл бөгөөд манай улсад хөгжлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулдаг. Үүнтэй холбогдон зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн гүйцэтгэгч болон зөвлөх компани нь Солонгос Улсын аж ахуйн нэгж байдаг аж.

Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос воны хөнгөлөлттэй зээлийг дор дурдсан нөхцөлтэйгөөр авахаар болж байгаа бөгөөд энэхүү зээлийн 200 сая ам.долларын эх үүсвэр нь хоёр улсын Засгийн газар хооронд 2011 онд тохиролцсон ашиглагдаагүй зээлийн үлдэгдлийн хугацааг сунгаж, 500 сая ам.доллар нь шинээр авахаар тохирч буй зээлийн эх үүсвэр юм.

-       Зээлийн хүү: 0,2 хувь

-       Зээл эргэн төлөх хугацаа: 30 жил

-       Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 10 жил

Шинээр авах зээлийн эх үүсвэрийг Монгол Улсын Засгийн газар нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах бодлого баримталж байгаа агаад хамтран ажиллах салбар, чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх тодорхой төслүүдийг цаашид хоёр тал хэлэлцэн тохиролцож, Засгийн газраар батлуулах юм.