УИХ-ын дарга М.Энхболд “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд үг хэллээ

2018/01/21 09:05 692

БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалтын гурав дахь өдөр салбар хуралдаанууд үргэлжилж, гарах шийдвэрийн төслүүдийг эцэслэснээс гадна “Ханойн тунхаглал” баталлаа. Энэ өдөр болсон “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэв.

Тэрбээр Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа 2016 оны 2-р сард баталж, үндэсний түвшний зорилтуудаа анхлан тодорхойлсон улсуудын нэг болсон бөгөөд ардчилсан засаглалаа бэхжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг ханган, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, дээд эрэмбийн дундаж орлоготой улс орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн гэдгийг онцлов.

Түүнчлэн олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох талаар тавьж буй хүчин чармайлтаа дурдаж, аялал жуулчлал, дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, сайн туршлага, шилдэг стандартыг нэвтрүүлэх зэрэг чиглэлээр баримталж буй хөгжлийн бодлогын асуудлыг хөндлөө.

Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, улмаар ногоон эдийн засгийг дэмжих асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр үгийнхээ төгсгөлд долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн Азийн Сайд нарын хоёрдугаар хуралд өргөнөөр оролцохыг гишүүн орнуудад хандан уриаллаа.