УИХ-ын дарга М.Энхболд сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихийг уриаллаа

2018/01/09 17:46 3234

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Өгөөж-Чихэр боов”, “Үлэмж органик” ХХК, “Сүү” ХК-ийн үйл ажиллагаатай өнөөдөр (2018.01.09) танилцлаа.

Хүнсний бүтээгдэхүүний болон үндэсний үйлдвэрлэлийн талаарх төрийн бодлого, хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, уламжлалт цагаан идээний нэр төрөл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл инноваци, дэвшилт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээрх төрийн бодлогод үйлдвэрлэгчдийн саналыг тусгах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулсан юм.

Монгол Улсын хүнсний ууган, манлай үйлдвэрүүд болох “Өгөөж-Чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, “Үлэмж органик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Цогтбуян нар үйлдвэрлэлийнхээ өнөөгийн байдал, үйл ажиллагааны талаар УИХ-ын даргад товч танилцуулав.

“Өгөөж-Чихэр боов” ХХК 1958 онд байгуулагдсан, 450-иад ажиллагсадтай, 150 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хоногт 40 тонныг үйлдвэрлэдэг бол “Сүү” ХК мөн 1958 онд байгуулагдсан, хоногт 200 тонн сүү боловсруулах хүчин чадалтай, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ. Тус компани салбар 3 үйлдвэртэй, 5 аймгийн 2500 гаруй малчны бүлгээс газар дээрээс нь сүү авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг юм байна. 2010 оноос сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн харьцангуй залуу үйлдвэр “Үлэмж органик” ХХК-ийн хувьд тараг, ааруул, аарц, ээдэм, хайлмаг, зөөхий зэрэг ямар нэг консервант, амт үнэр сайжруулагч химийн бодис агуулаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна.

Тэдгээр компанийнхан үндэсний үйлдвэрүүдээ татварын бодлогоор дэмжих, зарим хөнгөлөлт үзүүлэх, өндөр ашиг шимт эрчимжсэн мал аж ахуйд шаардлагатай тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улаан буудайн урамшуулалтай адилаар сүүнд урамшуулал олгох, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй задгай сүүний борлуулалтыг хориглох, дунд сургуулийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэлийн сүү, сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх зэрэг саналыг тавилаа.

.

Тэрбээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа олон асуудал бий. Тэдний нэг нь хүнсний бүтээгдэхүүний стандарт, зохистой хэрэглээ юм. Тиймээс эдгээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж байна. Хүнсний хэрэглээнээс шалтгаалсан, сэтгэл зовоосон асуудлууд ялангуяа хүүхэд, багачуудын дунд түгээмэл болж байна. Тухайлбал, бага насны хүүхдийн таргалалт, шүдний цооролт өвчнийг энд дурдаж болно. Өчигдөр уулзсан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүдийн мэдээллээр Монгол Улс 37 орныг хамарсан бүс нутагтаа хүүхдийн хэт таргалалтын үзүүлэлтээр 2-р байранд орж байна. “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд 2012 онд хийсэн судалгаагаар шүдний өвчний тархалт 12 настнуудын хувьд 94 хувьтай байсан.  

Ийм байдалд хүргэж байгаа нэг гол шалтгаан нь хэт чихэрлэг хүнс, хийжүүлсэн ундааны хэрэглээтэй холбоотой байна. Гаалийн ерөнхий газрын 2012-2017 оны мэдээгээр жилд дунджаар 21.3 сая ам.долларын үнэ бүхий 10.6 мянган тонн хатуу чихэр, чихэр орлуулагчаар хийсэн амттаныг импортоор авч хэрэглэжээ.

Тиймээс ” гэж тэмдэглэв.

Төгсгөлд нь тэрбээр “УИХ-ын даргын хувьд иргэдийн язгуур эрх ашгийг хөндөж буй хүнсний аюулгүй байдaл, хүүхэд, өсвөр залуу үе, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах цогц бодлогын хүрээнд үндэсний уламжлалт цагаан идээгээ тогтмол хэрэглэж хэвшихийг бүх нийтэд хандан уриалж байна” гэлээ.