Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 30 жилийн ойд илгээлт хүргүүллээ

2017/12/16 19:17 3294

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИЛГЭЭЛТ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны
түүхт 30 жилийн ойн баярын хуралд

Монгол Улсад Байгаль орчныг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн түүхт ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан монгол орныхоо байгаль орчныг хамгаалах, онгон дагшинаар нь үр хойчдоо өвлүүлэх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үйл хэрэгт өөрсдийн авъяас билэг, бүтээлч хөдөлмөр, ухамсарт амьдарлаа зориулан ажиллаж ирсэн салбарын үе, үеийн ажилтан, албан хаагч, байгаль хамгаалагчид болон өнөөдрийн баярын хуралд оролцож байгаа эрхэм хүндэт төлөөлөгч та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье!
Гэвч улс орны хөгжил дэвшил, хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг зүй тогтлын дагуу нүүдлийн соёл иргэншлээс суурьшмал соёл иргэншил рүү эрчимтэй шилжиж улс орны нийгэм, эдийн засгийн бүтцэд гүн гүнзгий өөрчлөлт гарсны улмаас төрөөс байгаль орчинг хамгаалах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх төрийн захиргааны бие даасан байгууллага байгуулах зайлшгүй шаардлага үүсэн гарсан юм. Иймээс Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зарлигаар Байгаль орчныг хамгаалах яамыг үүсгэн байгуулсан түүхтэй.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн байгаль хамгааллыг цөм болгосон нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад анхаарлаа төвлөрүүлж, хүний эрүүл, аюулгүй орчинг хангахад чиглэгдсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн хөгжиж, олон улсын гэрээ, конвенцээр хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, үйлдвэржилттэй холбоотойгоор агаар, ус, хөрсний бохирдол, хог хаягдал, байгалийн нөөцийн хомсдол, бэлчээрийн доройтол, цөлжилт гээд олон тулгамдсан асуудлууд бий болж байгаа нь байгаль орчны салбарын өмнө улам өндөр хариуцлага, эх оронч сэтгэл, нөр их хүчин чармайлтыг шаардаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам иргэний нийгмийн байгууллагуудтай хамран ажиллах талаараа Засгийн газрын түвшинд үлгэр жишээ үзүүлэн санаачилгатай ажиллаж, байгалийн нөөцийн хамтын менежментийг амжилттай хэрэгжүүлж байгаа нь энэ их үйлсийг амжилттай хэрэгжүүлэх үндсийн үндэс юм.
2002 онд Йохансбург хотноо болсон Дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтын Тунхаглалд дэлхийн хүн амын амьдралын үндсэн шаардлагыг хангахдаа ундны цэвэр ус, эрчим хүч, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, биологийн төрөл зүйлийг хамгаалах зэрэг байгаль орчны цөм болсон асуудлуудтай уялдуулан хөгжүүлэх тухай шийдвэрийг гаргасан билээ. Энэ нь байгалийн нөөц баялгийг нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээний хэрээр хяналтгүй хэрэглээд байх бус харин хэрэглээг байгалийн нөхөн сэргэх чадавх, нөөц даацтай нь уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй зүй зохистой ашиглах зарчим юм. Монгол Улсын Их хурал дэлхий нийтийн хөгжлийн энэхүү нийтлэг хандлагыг байгаль орчны талаар баримтлах төрийн бодлогын тулгуур үндэс гэж үзэж улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн байгаль орчны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээг ээлж дараатай авсаар ирлээ.

Та бүхнийг Монгол Улсын Их Хурлаас даян дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилготой нийцүүлэн баталсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д заасан байгаль орчны тогтвортой хөгжлийн төлөөх хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийг тууштай, эрчимтэй хэрэгжүүлэхэд манлайлагч болж чадна гэдэгт итгэл төгс байна.
Монгол Улсын байгаль орчны салбарын 30 жилийн түүхийг нэр төртэй бичилцэж, энэхүү хариуцлагатай үйл хэргийг үргэлжлүүлж яваа үе үеийн удирдлага, бүтээлч хамт олон Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

Монгол төрийн өлмий бат, мэлмий тунгалаг байг.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

Улаанбаатар хот

2017.12.16