Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Хуулийн төсөлд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалтыг тусгажээ. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь Ховд, Увс, Баян-Өлгий болон Говь-Алтай аймгуудын зарим сумдыг цахилгаан эрчим хүчээр хангадаг бөгөөд одоогийн байдлаар тус компанийн нийт эрчим хүчний түгээлтийн 72.0 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр, 28.0 хувийг Дөргөний УЦС-аас тус тус хангаж байгаа юм.
Хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний дундаж үнэ нь 102.3 төгрөг бөгөөд 1 кВт.ц тутам 96.7 төгрөгийн алдагдал хүлээж байна. Тиймээс алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг боловч бүрэн нөхөж чадахгүй байгаа юм. Гэсэн хэдий ч баруун бүс нутгийн эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтмол өссөөр байна.
Тиймээс “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн алдагдлыг бууруулах зорилгоор 2018 онд 2.3, 2019 онд 2.4, 2020 онд 2.6 тэрбум төгрөг буюу нийт 7.4 тэрбум төгрөгийг чөлөөлүүлэхээр Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
ТАНИЛЦУУЛГА
Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн
төслийн тухай
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь ОХУ-ын “Интер РАО ЕЭС” компани, БНХАУ-ын “Шиньжянь” цахилгаан эрчим хүчний компани, Дөргөний усан цахилгаан станц/УЦС/-аас тус тус цахилгаан эрчим хүч худалдан авч Ховд, Увс, Баян-Өлгий болон Говь-Алтай аймгуудын зарим сумдыг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Одоогийн байдлаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн нийт эрчим хүчний түгээлтийн 72.0 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр, 28.0 хувийг Дөргөний УЦС-аас тус тус хангаж байна.
ОХУ-тай хил залгаж байгаа Увс аймгийн Давст сумын Боршоо боомтоор 2016 онд 97353,2 мян кВтц цахилгаан эрчим хүч худалдан авч, 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 103147,2 мян кВтц, БНХАУ-тай хил залгаж байгаа Ховд аймгийн Булган сумын Ярант боомтоор 2016 онд 5849,4 мян кВтц цахилгаан эрчим хүч худалдан авч, 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 5508,2 мян кВтц цахилгаан эрчим хүчийг худалдан авахаар төлөвлөж байна. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь 1 кВт.ц эрчим хүчийг ОХУ-аас 2.77 рубль буюу одоогийн валютын ханшаар 116.3 төгрөг, БНХАУ-аас 0.65 юань буюу 240.5 төгрөг, Дөргөний УЦС-аас 33 төгрөгөөр тус тус худалдан авч байгаа бөгөөд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг нь 199 төгрөг болж байна.
Хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 102.3 төгрөг бөгөөд 1 кВт.ц тутам 96.7 төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэхүү өөрийн өртөг болон борлуулж байгаа үнийн зөрүү болох алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг боловч алдагдлыг бүрэн нөхөж чадахгүй байна. Борлуулалтын үнийн зөрүүд улсын төсвөөс 2015, 2016, 2017 онуудад тус бүр 8.6 тэрбум төгрөгийн санхүүжилт /татаас/ олгосон бөгөөд мөн онуудад 1593.1 сая төгрөг, 1795.9 сая төгрөг, 2054.7 сая төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн боловч тус компани нь алдагдалтай ажилласаар байна. Тухайлбал 2015 онд 444.6 сая төгрөгийн, 2016 онд 1206.4 сая төгрөгийн тус тус алдагдалтай ажилласан бөгөөд 2017 онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 2731.9 сая төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна.
Баруун бүс нутгийн эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд 3,8-10,4 хувиар тогтмол өсч байгаа бөгөөд дээрх аймгуудын түгээх компаниудын захиалснаас үзэхэд 2018 оны импортоор авах эрчим хүч 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс 13,3 хувиар нэмэгдэж,125493 мян кВтц болохоор байна.
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ий алдагдлыг бууруулах зорилгоор 2018 онд улсын төсөвт мөн 8.6 тэрбум төгрөгийн татаас олгохоор тусгагдсан болно. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн 2021 оныг 1 дүгээр сарын 0-ний өдрийг хүртэл төлөвлөгөөгөөр 2018 онд 2.3 тэрбум төгрөг, 2019 онд 2.4 тэрбум төгрөг, 2020 онд 2.6 тэрбум төгрөг буюу нийт 7.4 тэрбум төгрөгийг чөлөөлүүлэхээр Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулав.
Өнөөдрийн байдлаар Дөргөний усан цахилгаан станц нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа боловч, цаашид өсөн нэмэгдэж байгаа бүс нутгийн цахилгааны эрчим хүчний хэрэглээний өсөлтийг импортын эрчим хүчээр хангах шаардлагатай байгаа тул баруун бүс нутгийн хэрэглэгчдийг тогтвортой, зохистой үнэ тариф бүхий цахилгаан эрчим хүчээр хангах, улсын төсвөөс олгох татаасын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор тус хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төслийг батлуулснаар импортын цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх дүнгийн хэмжээгээр улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай татаасын хэмжээ буурах, баруун бүс нутгийн хэрэглэгчдийг тогтвортой, зохистой үнэ тариф бүхий эрчим хүчээр найдвартай хангах чухал ач холбогдолтой.
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг УИХ-аар 2005 онд /2005 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл/, 2011 онд /2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл/ тус тус батлуулан хэрэгжүүлж ирсэн.
УИХ-аас 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр батлагдсан Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэх хугацаа нь 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөр дуусч байгаа тул “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2021 оныг 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн хуулийн дагуу боловсруулав.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 40.1.2-т заасан хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг тандан судалсан тайланг 1 дүгээр хавсралтаар, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн тайланг 2 дугаар хавсралтаар, хууль тогтоомж хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зарлын тооцооны тайланг 3 дугаар хавсралтаар, Хууль тогтоомжийн тухай хуулийн 38.6-д заасан олон нийтийн хэлэлцүүлгийн саналын товьёог 4 дүгээр хавсралтаар тус тус гаргаж хавсаргав.
Иймд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортоор оруулж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн болно.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР