М.Энхболд: Төрийн албаны тогтвортой, мэргэшсэн, хараат бус байх олон дэвшилтэт зохицуулалт хуульд туссан

2017/12/07 15:48 7435

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувийн саналаар хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, өнөөдөр бид Төрийн албаны тухай хуулиа шинэчлэн баталлаа.

Энэ хууль батлагдсанаар . Төрийн албан тушаалд сонгон шалгаруулж томилох, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурладаг болно. Тухайлбал, ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх шалгуур тавигдаж эхлэх юм.

Гол нь хуулийн хэрэгжилтийг бүрэн дүүрэн хангаж ажиллах нь чухал. Энэ танхимд хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий холбогдох албан тушаалтнууд буюу Төрийн албаны зөвлөлийн дарга, орон тооны гишүүд сууж байна. Та бүхэн хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг сайн хангаж, хуулийн хэрэгжилтийг сайн зохион байгуулах хэрэгтэй гэдгийг сануулаад хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж батлуулахад оролцож ажилласан Байнгын хорооны Ажлын хэсгийн гишүүд, Улсын Их Хурлын нийт гишүүдэд талархал илэрхийлэв.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөс эхлэн дагаж  мөрдөх юм.