МЭНДЧИЛГЭЭ

2017/11/10 08:51 2868

Монголын тогтмол хэвлэлийн анхдагч “Монголын үнэн” сонины 97 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол орны нэгэн зууны түүхийг шарласан хуудастаа баринтаглаж үлдээсэн сониныхоо ойн баярын мэндийг үе үеийн “Үнэн”-ийхэн болон Уншигч та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Монголын хувьсгалчид сонин бичиг эрхлэн гаргах хэрэг зоригтоо Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газраас тусламж авахаар Эрхүү хотод байх хугацаандаа тэдний идэвхтэй дэмжлэгтэйгээр гаргасан анхны хувьсгалт нууц сонин нь “Монголын үнэн” билээ. Тэртээ 1920 оны 11 дүгээр сарын 10-нд Эрхүү хотноо анх хэвлэгдсэн тус сонин 1921 оны дөрөвдүгээр сарын 19-нийг хүртэл зургаан дугаар гаргасан байдаг.

Анхны дугааруудаа 38х54 см-ийн хэмжээтэй, дөрвөн нүүрээр, чулуун бараар 3000 хувь хэвлэж, сониныхоо тэргүүн нүүрэнд “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!” гэсэн уриаг тодоор бичиж, Ардын хувьсгалын партизан цэргүүдээр олон түмэнд түгээн тарааж байсан түүхтэй.

Тус сонин Монголын феодалын засаг төр, түүний мөн чанарыг илчилж, харийн булаан эзлэгчдийн түрэмгий ажиллагааг эсэргүүцсэн, Монгол орны гадаад байдал, Октябрийн хувьсгал болон ард түмэн эрх чөлөөгөө олж авах арга зам, шинээр байгуулах засаг төрийн мөн чанар зэрэг асуудлыг олон талаас нь тайлбарлан таниулж, гадаадын түрэмгийлэгчид, дотоодын дарлагчдаас улс орноо чөлөөлөх, ард түмний эрх ашгийг хамгаалах, Ардын журамт цэрэг элсүүлж, зэвсэгт тэмцэлд бэлтгэх, МАН-ын бодлого зорилтыг сурталчилж, хувьсгалын үйл хэргийг зохион байгуулах чухал хэрэгсэл болж байжээ.

Монгол орны түүхийн нэн эгзэгтэй үед мэндэлсэн тус сонин Монголын ард түмнийг хувьсгалт тэмцэлд уриалан дуудах, хувьсгалчдын үзэл бодлыг нэгтгэх, Ардын намыг байгуулж бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Улмаар Ардын хувьсгалын ололтыг бэхжүүлэх, шинэ засаг төрөө эмхлэн байгуулах, хувьсгалт шинэчлэлийг гүнзгийрүүлэх, улс орон, ард түмнээ хөгжил дэвшилд уриалан дуудах, хүмүүжүүлэн боловсруулах, дэлхий ертөнцтэй танилцуулах зэрэг шинэ эриний үйл хэрэгт “Монголын үнэн” сонины гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй юм.

Түүнчлэн монголчууд ардчилал, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн замаар замнах үйлсийн туг нь, нийгмээ шинэчлэн өөрчлөх үзэл санааны индэр нь, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах Монголын ард түмний хөдөлмөр тэмцэл, амжилт ололтын толь нь чухамхүү “Монголын үнэн” сонин байсаар ирсэн бөгөөд энэ хошуучлан манлайлагч эрхэм чанараа цаашид ч хэвээр хадгална гэдэгт эргэлзэхгүй байна.

Чөлөөт хэвлэлийн түгээмэл зарчмыг төлөвшүүлэх, иргэний, хариуцлагатай, эрүүл сэтгүүл зүйг бүтээх Та бүхний эрмэлзэл тэмүүлэлд амжилт хүсэж, үнэнийг дархлах үзгэн хөлөг тань шандастай байхын ерөөл өргөе.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Монгол Ардын Намын дарга  Миеэгомын Энхболд