М.Энхболд: Засгийн газар уучлалт гуйх ёстой

2013/10/10 15:50 981

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2013.10.09/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр болж, энэ талаархи илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тавилаа.

Хуулийн төслүүдийн талаархи Ерөнхий сайдын илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн М.Энхболд: "Засгийн газраас ирэх оны төсөвт хэдэн төгрөг төсөвлөсөн. Ирэх оноос яагаад төсөв дутсан талаар тайлбар хийгээд уучлалт гуйх ёстой. 

Гэтэл өмнөх арваад жилийн төсвийг нийлүүлээд орж ирж байна. Ингэж болохгүй. Мөн Чингис бонд чинь иргэн бүрийн нуруун дээр өр болон бууж байгаа учир анхаарах шаардлагатай байна" гэсэн юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:  Бид бүтэн жил ажиллаж байж өнөөдөр юу хийвэл ирэх жилүүдэд амжилттай ажиллах талаар дүгнэлт хийгээд, төсвийг засаад орж ирж байна. Гэтэл та нар үүнийг ингэж улстөржүүлж болохгүй. Харин ч та нар одоо ингэж худлаа улстөржихийн оронд дуугүй суух ёстой цаг чинь.

Чингис бондыг өр гэж харж болохгүй. Үүнийг нөгөө талаас нь харвал бүтээн байгуулалт юм. Харин ч өр гэж яривал 21.000 төгрөг тараах гээд хэн монголыг хэдэн их наядын өрөнд оруулснаа санах хэрэгтэй" гэж хариу хэлсэн юм.

www.vip76.mn