МУИС-ийн 75 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв

2017/10/06 13:54 1604

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсын Их Сургууль байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

            Тэрбээр тус сургуулийг 1987 онд төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсчээ. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Их Сургуулийн 75 жилийн ойд             

            Эрдэм соёлын эрдэнэсийн уурхай Монгол Улсын Их Сургууль байгуулагдсан 75 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн эрдэмтэн профессор, багш оюутнууд, үе үеийн төгсөгчдөд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье. 

Энэ ой бол Монгол Улс өөртөө дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн, улс орны хөгжлийн шинэ ирээдүйн суурийг тавигч үндэсний сэхээтнүүд бэлтгэгдэж эхэлсэн давхар баярын өдрүүд юм. ХХ зууны шинэ Монголыг МУИС-ийн төгсөгчид бүтээсэн, ХХI зуунд энэ уламжлал үргэлжилсээр байна. 

Аав минь тус сургуулийн багш, тэнхимийн эрхлэгч, проректороор ажиллаж, миний бие энд суралцаж, эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн хувь заяандаа гүнээ талархдаг бөгөөд төрөлх сургуулийнхаа ялгуусан замналаар ямагт бахархаж явдгаа тэмдэглэж хэлэхэд таатай байна.

Тэртээ 1942 онд эх орны дайны хүнд бэрх цаг үед Монголын төр засаг тухайн үеийн ЗХУ-ын тусламжтайгаар МУИС-ийг үүсгэн байгуулсан нь эрдэм боловсролыг эрхэм болгосон холч мэргэн ухаан, Монголын соёл боловсролын онцгой түүхэн үйл явдал байлаа. 

МУИС үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтыг гардан хэрэгжүүлэгч үндэсний шилдэг боловсон хүчин бэлтгэх, хүн ардаа соён гэгээрүүлэх, дэлхийн хэмжээний мэдлэг, технологийг Монголдоо нутагшуулах, дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын олон улсын хамтын ажиллагааг үүсгэн хөгжүүлэх зэрэг түүхэн зорилтын манлайлагч байсаар ирлээ.

1946 онд анхны төгсөлтөө хийснээс хойш тус сургууль 71 удаагийн төгсөлтөөр 100 мянга орчим их сургуулийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэж, өдгөө Монгол Улсын хөгжлийн тулгуур, мэдлэг ухааны цөм, шинжилгээ судалгааны гол төв болжээ. 

МУИС-ийнхан дэлхийн жишигт нийцсэн номын сан ашиглалтад оруулж, Монгол Улсын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г сансарт хөөргөсөн зэрэг томоохон амжилтаар ойгоо угтаж байгаад талархалтай байна.

Монгол Улсын Их Хурал боловсрол, шинжлэх ухааны бодлого боловсруулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн төлөвшүүлэх үндсэн зорилтынхоо хүрээнд улс орныхоо тэргүүлэх сургуулийг чухалчлан үзэж, дэлхийн хэмжээний мэдлэг бүтээдэг их сургууль болгохыг тууштай дэмжин ажиллах болно. УИХ-аас баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт 2024 он гэхэд Монгол Улсын дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд үндэсний хэмжээнд тэргүүлэх байр суурьтай МУИС хошуучлан манлайлж, үүрэг хариуцлага хүлээн, нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна. 

Монгол Улсын дээд боловсролын анхдагч, арвин туршлага, нэр хүнд бүхий МУИС-ийн бүтээн бий болгосон мэдлэг, судалгаа дэлхийн эрдэм оюуны сангийн нэгэн цутгалан нь болж, оюутан залуус маань Монгол Улсын хийгээд төрөлх сургуулийнхаа нэр хүндийг дэлхийн дэвжээнд мандуулна гэдэгт эргэлзэхгүй байна.

            Монгол Улсын Их Сургуулийн алдар суу мөнх оршиж, Та бүхнийг эрдмийн гэгээ, төрийн сүлд ивээх болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

      

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр                                                                                                                                        

Улаанбаатар хот