М.Энхболд: Энэ удаагийн Төрийн тэргүүний сонгууль шударга өрсөлдөөн байгаасай.

2017/05/11 11:05 2057

Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд өнөөдөр 09:50 цагт Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчийн баримт бичгээ хүлээлгэн өглөө.

Нэр дэвшигч М.Энхболд "Төрт ёс Монгол төрийн тэргүүний сонгуулийн эрхэм хүндтэй энэ үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг үүднээс МАН-аас нэр дэвшсэн миний бие өөрийн биеэр хуулийн хугацаанд нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой материалуудыг бүрэн дүүрэн хуулийн дагуу бүрдүүлж Сонгуулийн Ерөнхий Хороонд өглөө.

МАН ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээн дээр тогтож ирсэн олон арван жилийн уламжлалтай улс төрийн хүчин. Тэр ч утгаараа өнөөдөр нэр дэвшигчийн баримт бичгээ бүрдүүлж, хүлээлгэн өгөх арга хэмжээнд Б.Даш-Ёндон дарга, УИХ-ын туршлагатай парламентч Д.Лүндээжанцан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, мөн манай намын дэргэдэх төрийн бус байгууллагын удирдлага Ц.Цогзолмаа, Г.Тэмүүлэн, намын аппаратын хамт олны хамтаар СЕХ-нд хүрэлцэн ирлээ.

Энэ удаагийн төрийн тэргүүний сонгууль хуулийн дагуу, хуульд нийцсэн, бодлого үйл ажиллагааны шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсэж байна" гэлээ.