Улаан талбайд Ялалтын баярын парад болов.

2017/05/09 18:48 2072

ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд Аугаа их Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн ялсны 72 жилийн ойд зориулсан цэргийн парад эхэллээ. Цэргийн сүрт жагсаалд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон Армийн командлагч Олег Салюков нар оролцож байна. ОХУ-ын Батлах хамгаалахын сайд Армийн генерал, ОХУ-ын баатар Сергей Кужугетович Шойгу Ерөнхийлөгч Путинд илтгэл өглөө. 

Нийт 40 мянган хүн цугларсан ёслолын жагсаалд 10000 орчим цэрэг, 144  нэгж байлдааны техник, 72 нисэх онгоц оролцож буй бөгөөд цаг агаарын байдлаас шалтгаалж агаарын бүх үзүүлбэр цуцлагджээ. Энэхүү арга хэмжээ нь явган цэргийн жагсаал, байлдааны машин техникийн цуваа болон нисдэг тэрэг, нисэх онгоцуудын үзүүлбэр гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байна.

Ялалтын баярын парадыг нээж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэллээ. Тэрээр “ОХУ-ын цэрэг дайчид, ахмад дайчид, генерал, адмиралууд аа. Та бүхэнд Аугаа их Эх орны баярын мэнд хүргье. Нацистын Германыг ялахад агуу их зориг гаргасан баярын өдрийг бид өнөөдөр эргэн дурсаж байна.

Зөвлөлтийн ард түмэн маш их хохирол амссан. Эх орон болон газар нутгаа чөлөөлж, нацизмын зэрлэг хүчийг дарсан хүмүүс бол бидний өвөг дээдэс, маршал, байлдагчид, партизанууд юм. Тэд төсөөлөлшгүй хүнд үеийг давж энэ ялалтыг авчирсан. Тэдний ар талд үүрэг гүйцэтгэж байсан үйлдвэрийн ажилчид, эмнэлгийн сувилагч, эмч нар энэхүү дайнд ялахын тулд бүхнээ зориулж байсан.

Өнөөдөр бид энд цуглаж тэдгээр өвөг дээдэс, эр нөхөр, үр хүүхдийнхээ дурсгалыг хүндэтгэж, тэдний бүтээсэн үйл хэрэгт зориулж нэг минутын хүндэтгэл илэрхийлэхийг хүсэж байна. Эрхэм нөхөд өө, тавдугаар сарын 9-ний баярыг манай улсын өнцөг булан бүрт тэмдэглэж байна. Бид зөвхөн баярлаагүй. Тэдний дурсгалыг хүндэтгэж байна. Ахмад дайчиддаа хандаж бид та бүхний итгэлийг алдахгүй ээ. Өнөөдрийн дайчид эх орныхоо аюулгүй байдлыг хамгаалах болно” гэв.

Энэ удаагийн баярын парад уламжлал ёсоор явган цэргийн жагсаал, байлдааны машин техникийн цуваа болон нисдэг тэрэг, нисэх онгоцнуудын үзүүлбэр гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдсэн байлаа. Гэвч цаг агаарын нөхцөл байдлын улмаас парадад нисэх онгоц, нисдэг тэргүүд оролцох боломжгүй болсон тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.

Кремлийн цагны хонх дуугарсны дараа Преображенскийн хорооны хүндэт харуулын батальоны цэргүүд ОХУ-ын төрийн далбаа болон Ялалтын тугийг барин Улаан талбайд орж ирлээ. Ялалтын тугийг 1945 оны 5 дугаар сард Идрицкийн 150 дугаар буудлагын дивизийн дайчид Рейхстагийн орой дээр мандуулж байсан юм.  
Байлдааны машин техникийн цувааны тэргүүнд Аугаа их Эх орны дайны үеийн шилдэг танк болох “Т-34” танк явж байлаа. Түүний араас "Арбалет" байлдааны модуль бүхий "Тигр-М" хуягт автомашин,  танк эсэргүүцэгч "Корнет-Д1" пуужинт систем болон  "Тайфун-М" и "Тайфун-К" хуягт автомашинууд явж өнгөрөв.

Улаан талбайд болсон байлдааны техникийн жагсаалын үеэр анх удаа Арктикийн нөхцөлд ашиглаж болох зенитийн пуужингийн "Тор-М2ДТ" цогцолбор болон зенитийн пуужин-их бууны "Панцирь-СА" цогцолборыг олон нийтэд үзүүллээ. Эдгээр цогцолборыг ДТ-30 гэдэг гинжит тээвэрлэгчийн суурин дээр зохион бүтээсэн бөгөөд огт зам харгуйгүй, хэт хүйтэн нөхцөлд ашиглаж болох юм.
Үүний дараа "Искандер-М" өндөр ончтой пуужингийн цогцолбор, "Тор-М2У" болон "Бук-М2" зенитийн пуужингийн цогцолборууд явж өнгөрлөө.

Энэ жилийн парадад 2016 оныхоос хоёр дахин олон буюу 210 эмэгтэй цэргийн алба хаагч оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.