Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг гардууллаа.

2017/05/06 09:46 1138

“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг, Зөвлөлдөх зөвлөлөөс Анхдугаар санал асуулгын дүнд үндэслэн гаргасан Зөвлөмжийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.05) гардуулан өглөө.

Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, санал асуулгын дүнгийн тайланг Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав нар гардуулсан юм.

Энэ үеэр Н.Энхболд “Зөвлөлдөх зөвлөл, УИХ-ын ажлын хэсэг болон холбогдох байгууллагууд энэ ажилд маш идэвхтэй, хариуцлагатай оролцож, Анхдугаар санал асуулгыг богино хугацаанд, амжилттай зохион байгууллаа. Зөвлөлдөх зөвлөл дүнг нэгтгэн, Зөвлөмжөө хуулийн хугацаанд өргөн барьж байна” гэв.

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, академич Г.Чулуунбаатар:

-Зөвлөлдөх санал асуулгын 6 сэдэв тус бүрээр дүгнэлт гаргасан. Дөрвөн асуудлыг санал асуулгын хоёр шатанд бүрэн дэмжсэн байна. Нэг асуудлаар буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийг 1 удаа, 6 жилийн хугацаатай, УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгох гэсэн томъёоллыг дэмжсэнгүй. Парламентын 2 танхимтай байх асуудлыг эхний шатанд дэмжсэн ч хоёр дахь шатанд дэмжсэнгүй. Тиймээс дараагийн шатны үйл ажиллагаандаа эдгээр саналыг харгалзан үзэх ёстой гэв.

Зөвлөлдөх зөвлөлийн дарга Н.Жанцанноров: “Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үеэр дуу, болон дүрс бичлэг, протоколоор ихээхэн үнэ цэнэтэй материал бүрдлээ. Цаашид судалгаа шинжилгээнд ашиглах талаар анхаарах ёстой” гэсэн бол УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд санал асуулгын дүнгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол УИХ заавал авч хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Ажлын хэсэг байгуулна гэж заасан  байдаг. Тиймээс Ажлын хэсгийг яаралтай байгуулах ёстой. Нийт ард түмнээс авах санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулбал зардал хэмнэх гээд олон талын ач холбогдолтой” гэв.

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын намрын чуулганаар баталсан “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийн дагуу Монгол Улсад анх удаа зөвлөлдөх санал асуулгыг амжилттай зохион байгуулсан Зөвлөлдөх зөвлөл, Ажлын хэсгийн гишүүд, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын ХЭГ, нийт оролцогчдод талархал илэрхийлэв.

            Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар заавал зохион байгуулах ёстой ажлын нэг нь энэ юм. Иргэд, гаднын ажиглагчид Зөвлөлдөх санал асуулгыг сайн зохион байгууллаа гэж үзэж байна. Зөвлөмжийг УИХ анхааралтай авч үзэж, цаашид хийх ажлаа хугацаа алдалгүй эхлүүлэх талаар анхаарна” гэж тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Д.Ламжав, Н.Жанцанноров, Ц.Гомбосүрэн, Д.Чойжамц, Сарантуяа, Д.Сүхжаргалмаа, Б.Лхагважав нарт Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан Батламжийг гардууллаа.

Зөвлөмж гардуулахад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Ж.Батзандан, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар байлцав гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.