УИХ-ын дарга М.Энхболд дэлхийн улс орнуудын парламентын тэргүүн нартай уулзалт хийж байна.

2017/04/03 09:07 1224

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОУПХ-ны 136 дугаар чуулганд оролцож буй гадаад орнуудын парламентын тэргүүн нартай хоёр талын хэд хэдэн уулзалт хийлээ.

УИХ-ын дарга М.Энхболд: Монгол бол Бангладешийн тусгаар тогтнолыг

хүлээн зөвшөөрсөн анхны таван орны нэг

Эхлээд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын парламентын дарга, хатагтай Ширин Шармин Чаудритай уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд ОУПХ-ны чуулганыг эх орондоо амжилттай зохион байгуулж буйд нь хатагтай Ширин Шармин Чаудрид баяр хүргээд, 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад тус улсын Ерөнхий сайд, хатагтай Шейх Хасина оролцсонд талархал илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс Бангладешийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны таван орны нэг бөгөөд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болж буйг онцоллоо.

Хоёр улсын худалдаа, эдийн засаг, бусад салбарын хамтын ажиллагааны асуудлыг уулзалтын үеэр хөндөв. УИХ-ын дарга М.Энхболд өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтран ажиллах боломж буйг дурдлаа.

Хатагтай Ширин Шармин Чаудри Бангладешт болж буй ОУПХ-ны чуулганд Монголын төлөөлөгчид оролцож байгаа нь манай орны түүх, соёлыг  таньж мэдэх, улмаар хамтын ажиллагаа өргөжих сайхан боломж олгож байна гэж тэмдэглэлээ. Тэрбээр бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүрт ордог манай улсын хувьд эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, бэлэн хувцас, сүлжмэл болон савхин эдлэл нийлүүлэх, дэд бүтцийн болон бусад салбарт Монголын хөрөнгө оруулалтыг татах боломжтой гэлээ.

Хоёр тал парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, парламентад найрамдлын бүлгүүд байгуулах, гишүүдийг харилцан айлчлуулж, туршлага мэдлэгээ солилцохын чухлыг онцоллоо.

УИХ-ын дарга М.Энхболд хатагтай Ширин Шармин Чаудриг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсныг талархан хүлээж авав.

Тайландын парламентын Тэргүүн дэд ерөнхийлөгч Сурачай Лиенбонлертчай: Тогтвортой

ардчиллыг хөгжүүлэх нь бидний зорилго

Тайландын Вант Улсын Хууль тогтоох үндэсний ассамблейн Тэргүүн дэд ерөнхийлөгч Сурачай Лиенбонлертчай “Хоёр улс газар зүйн хувьд хол зайтай ч хамтын ажиллагааны цөөнгүй жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд парламент хоорондын хамтын ажиллагаа өрнүүн хөгжиж байна. Цаашид энэ харилцааг илүү идэвхжүүлэх, ойр дөт хамтран ажиллахыг бид эрмэлзлээ болгож байгаа гэдгийг Танд дуулгахад таатай байна гэлээ”.