УИХ-ын дарга М.Энхболдын Япон Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна.

2017/03/28 16:49 3778

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ нартай уулзлаа. Уулзалтуудаар хоёр тал парламент хоорондын болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцлаа.

УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай хийсэн уулзалтынхаа эхэнд ноён Т.Оошимагийн урилгаар албан ёсны айлчлал хийж буйдаа талархал илэрхийлээд, манай улсын гуравдагч хөрш Япон Улстай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг улам гүнзгийрүүлэн, бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг хэмээн онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр “ Анх дипломат харилцаа тогтоож байсан үеийнхтэй харьцуулах юм бол хамтын ажиллагаа богино хугацаанд маш хурдацтай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Хоёр орны хооронд эхлээд Иж бүрэн түншлэлийн, 1996 оноос Стратегийн түншлэлийн гэх мэтээр харилцааны түвшин байнга урагшлан дэвшиж ирлээ. Монгол Улс дахь ардчилсан шинэтгэл, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, зах зээлийн харилцаанд шилжих зорилтыг хэрэгжүүлэхэд ямагт туслан, дэмжиж ирсэн Та бүхэнд Монголын ард түмэн гүн талархалтай ханддаг” гэв. 

Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима хоёр орны харилцаанд зөвхөн Засгийн газрын түвшний биш, Парламент хоорондын харилцаа нэн чухал. Таны айлчлал манай парламент хоорондын харилцааны хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байна хэмээн үгийнхээ эхэнд тэмдэглэлээ.

Дараа нь Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх Ажлын хэсгийг Та ахалж байсан. Тиймээс манай төр засаг, ард түмэн Танд ямагт гүн хүндэтгэлтэй ханддаг. Монгол Улсын хөгжил дэвшлийг Японы Засгийн газар, ард түмэн, түүний дотор Парламент цаашдаа ч туслан дэмжсээр байх болно гэлээ.

Ноён Т.Оошима “Би Аамори нутгийн хүн. Тэнд Монголын тамирчид “Токио-2020” олимпод оролцох бэлтгэлээ хангана гэж сонссон. Би мужийнхаа захиргаанд хандаж, Монголын тамирчдад бүх талаар туслаж, бэлтгэлээ сайн хангах боломж нөхцөлийг бүрдүүлж өгөөрэй гэж захина” гэв.

УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжихөд хууль эрх зүйн таатай орчин чухал. Тиймээс парламентын гишүүдийг харилцан айлчлуулж туршлага, сургамжаа хуваалцах, парламент дахь бүлгүүд болон Тамгын газруудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь бидний нэг гол зорилго байх ёстой. Манай хоёр орны хооронд 2016 онд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулагдсан. Бизнес эрхлэгчдийг давхар татвараас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдүүлэхэд Монгол Улсын Их Хурал анхаарч байгаа гэж тэмдэглэлээ.

Түүнчлэн хоёр улсын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярихдаа “Япон Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болохыг манай улс байнга дэмждэг. Манай улсыг АСЕМ-д элсэхэд Японы тал дэмжиж, Зүүн Азийн хамтын ажиллагааны механизмд нэгдэхийг сайшааж, Зүүн хойд Азийн бүс нутгийн хурцадмал байдлыг намжааж, энх тайван, тогтвортой байдал бий болгоход хамтран ажиллаж байгаад талархав.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд ноён Т.Оошимаг Монгол Улсад айлчилна гэдэгт итгэж байгаагаа дахин нотлов. Урилгыг талархан хүлээж авч, Монголд очихыг чин сэтгэлээсээ хүсэж байгаагаа ноён Т.Оошима илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэтэй уулзлаа.

Ноён Ч.Датэ 11 жилийн өмнө М.Энхболд даргыг Ерөнхий сайд байхад нь Японд уулзаж байснаа тэмдэглээд Монгол Улсын Их Хурлын даргын албан ёсны айлчлалын хүрээнд дахин уулзаж байгаадаа талархал илэрхийлэв. Тэрбээр “Монгол Улс ардчиллын зарчмаар замнаж эхэлснээс хойш 26 жил өнгөрч эрх чөлөө, энх тайван, ардчиллыг эрхэмлэж, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчим манай хоёр орны харилцааны үндэс суурь болсоор байна” гэж онцлон тэмдэглээд, УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал парламент хоорондын болон бусад салбарын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, амжилт хүсэв.

УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсын парламентын урилгаар айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын сонгосон ардчилсан шинэтгэлийг баталгаажуулах, төлөвшүүлэхэд Японы тусламж дэмжлэг чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо.

Тэрбээр өдгөө Монгол Улсад тохиогоод буй эдийн засаг, санхүүгийн бэрхшээлийг даван туулах, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахад ч Япон Улс зохих хүч чармайлт гаргасныг тэмдэглэж, энэ хөтөлбөрийн хүрээнд Японоос Монголд нэн хөнгөлөлттэй санхүүгийн зээл олгохоор шийдвэрлэсэнд талархлаа илэрхийлэв.

Түүнчлэн айлчлалын хүрээнд Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт хоёр улсын Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурах гэж байгааг онцлоод, 2021 он хүртэлх хамтын ажиллагааны гол зорилт, зарчмуудыг тодорхойлох энэхүү баримт бичгийн хүрээнд хамтын ажиллагаа улам өргөжин гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ үйл хэрэгт хоёр орны парламентууд өөрийн хувь нэмрээ оруулах нь дамжиггүй гэлээ.

Ноён Ч.Датэ манай парламентын Зөвлөхүүдийн танхим Японы хөгжлийн албан ёсны тусламжийг судлах, дүгнэлт гаргах үүрэгтэй байдаг хэмээн онцлоод “Монгол Улсыг ардчилал, чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш Япон Улс хамгийн том донор орон байсаар ирснийг Монголын ард түмэн сайн ойлгож, бидэнд талархаж явдгийг сонсоход таатай байна” гэлээ.

Монгол Улсын тогтвортой хөгжил, Монголын ард түмний сайн сайхан ирээдүйн төлөө эрхэм үйл хэрэгт Япон Улс хувь нэмрээ оруулсаар байх болно гэдэгт итгэж байгаагаа ноён Ч.Датэ илэрхийлээд “Монголд Японд элэгсэг ханддаг, япон хэл судлагч, сонирхогчид цөөнгүй, энд ирж суралцахыг эрмэлздэг залуус олон байдаг тухай сонссон. Тэд хоёр орны хамтын ажиллагаа, харилцааны гүүр болох нь дамжиггүй юм” гэлээ.

Найрсаг харилцаа, үр ашигтай хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд иргэд хоорондын болон төрийн бус байгууллагуудын хэлхээ холбоо, найрамдал нөхөрлөл нэн чухал. Японд Монголыг дэмжигч нийгэмлэг 100 гаруй байдаг гэж сонссон. Тэдний төлөөлөлтэй би өчигдөр уулзсан гэж уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд дурдаад ноён Ч.Датэг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсныг талархан хүлээж авав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.