Улс орон, ард иргэдийнхээ амар тайван, аз жаргалтай амьдралын нөхцөлийг бүрдүүлэх хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй Монголын Цагдаагийн байгууллагын алба хаагчид аа,
Улс орны эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал ээдрээ төвөгтэй, зарим тохиолдолд сургамжтай, хүндхэн сорилтууд тулгарч байгаа ч Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа үнэнч байж төр, түмнийхээ төлөө цуцашгүй хөдөлмөрлөж, мятрашгүй зүтгэж буйд талархаж байгаагаа үгийнхээ эхэнд зориуд тэмдэглэе.
Энэхүү шилжилтийн хүрээнд эерэг өөрчлөлт олон гарсан ч цаашид боловсронгуй болгон шийдвэрлэх асуудлууд цөөнгүй байсан юм.
Тиймээс шинэ Засгийн газар Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, Улсын Их Хурал 2016 оны намрын ээлжит чуулганаараа хэлэлцэн баталсан юм. Өнөөдөр энэ хуулийг хүлээлгэн өгч, хэрэгжүүлж эхлэх ёслолын арга хэмжээ болж байна.
Мөн цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт нь Цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас бүрдэхээр тусгасан болно.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандартыг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа иргэдийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулах шаардлагын үүднээс цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ иргэнд хүндэтгэлтэй хандаж, иргэд олон нийтийн дэмжлэгийг авах, итгэлийг хүлээхийг эрмэлзэх үүргийг энэ хуулиар хуульчилж өглөө.
Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Тахарын албыг татан буулгасантай холбогдуулан уг байгууллагын хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлж, ажиллаж байсан алба хаагчдын цол, ажилласан жилийг цагдаагийн албанд ажиллаж байснаар тооцохоор, мөн 2013 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу тогтоосон “албан тушаалын цол”-ны нэршлийг өөрчилж, албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн цол олгодог байхаар шинэ хуульд зохицууллаа.
Цагдаагийн албаны тухай шинэ хуулийг хэрэгжүүлэхэд УИХ, Засгийн газар болон орон нутгийн төр, захиргааны байгууллагын зүгээс цаашид онцгой анхаарч эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх, цагдаагийн ажил, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх чиглэлээр дэмжиж ажиллах болно.
Төр төвшин, түмэн олон маань амгалан байх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
2017.03.21-ний өдөр Улаанбаатар хот.