Ууц тавих, хөндөх ёсон.

2017/02/26 10:42 2292

Цагаан сарын ёслол нь битүүлэх ба шинэлэх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх ба битүүлэх ёс нь хуучин оныг үдэх, шинэлэх ёс нь шинэ оныг угтах ёслол юм. Энэ өдөр монголчууд аль болох элбэг дэлбэг байхыг хичээдэг нь тэр жилийнхээ амьдралын сайн сайхныг бэлэгдэн буй явдал юм. Мөн нэг чухал зүйл бол дайллагын ёс бөгөөд тэр дундаа бүхэл махаар дайлах ёсон юм.

Ууц тавина гэдэг цаанаа ёс дэгтэй, нарийн учиртай. Ууц гэдэг бол зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийн нэр. Ууцан дээр сээр эсвэл хүзүү дал, дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр шаантны борви, далны маяа, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Халх даяар түгсэн ууц хөндөх ёсонд бол эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, завьжийг хөнддөг ёстой. Халхууд ууцыг "Их бүхэл", "Дунд бүхэл" гэж нэрлэдэг бөгөөд дээрх нь их бүхлийг хөндөх ёс юм.

"Их бүхэл" гэдэг нь хонины таван түрүү махнаас тэвхэн ууц, өвчүү толгой, дөрвөн мөч, өндөр богино хавирга, шилтсээр зэргийг багтаасан их ёсны ууц юм. Их бүхлийг зэс, гууль, мөнгөн цар дээр дөрвөн мөчийг нь амьд хонины хэвтээ байдлаар хойт урд, зөв буруу талаар нь ялгаж өрөөд гол дунд нь сээр хүзүүг багтааж, эвэр магнайг нь шар тосоор чимсэн хонины толгойг сүүлнийх нь эсрэг хандуулан ууцны гол дээр тавьдаг. Иймэрхүү дэг ёсыг "Их бүхэл" дэвшүүлэх хэмээн нэрлэдэг.

"Дунд бүхэл" гэдэг нь толгой, шийрийг оруулахгүй тавьсныг хэлнэ.

Монголчуудын ууц хөндөх гол ёс нь: Зүүн гараараа харцаганаас цэмцгэрхэн түшиж, ууц сүүл хоёрын уулзвар орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураас дагуу цувуулан гурав, гурав эсгэнэ. Мөн сүүлний богтрого орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халималж авна. Дараа нь харцага талын ирмэгний мах өөх нийлэх орчмын хоёр талаас хоёр хэсгийг авч дээрхтэй нийлүүлж галын хувь гэж тусгай тавина.

Ийнхүү ууцаа хөндсөний дараа ууцаа таллана. Ууцны хоёр талын намилхайнаас нимгэн, нимгэн зүсч таллаж авснаа гурав, гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмэрлэнэ. Гурвыг нь дээж болгож тусгай тавин, үлдсэнийг нь өөрийн хувь болгон амсана. Дараа нь түрүүчийн адил ууцныхаа хоёр талаас нимгэн авч "хишиг" хэмээн хэлж зочлуулан хүмүүст амсуулна. Харин ууцыг таллахдаа харцаганы хоёр талын сэртэн яснаас дотогш ортол таллаж болохгүй.

Малын махны толгой хэсэг нь эх тал нь болох бөгөөд эх талаар нь зочин руу харуулан тавина.

Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвэргэ талаас барьж, баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иднэ. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх хар сээр, ууцных сүвэргэн тал, өвчүүнийх бүдэрхий, далных толгой нь, хавирганых толгой тал, бугалганы нарийн атгамал үзүүр нь, богтосных нарийн үзүүр нь, шагайных борвитой тал нь, дунд чөмөгнийх нарийн үзүүр нь, сүүжнийх далбаа тал нь тус тус эх тал нь байдаг.

Ууцыг зөвхөн гэрийн эзэн буюу хүндэт зочин эрэгтэй хүн хөнддөг уламжлалтай.Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна.

Дараа нь харцага талын ирмэгний мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхvv хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. Үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.