Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлнэ.

2017/02/07 08:13 21354

Улсын хэмжээгээр 330 орчим мянган малчин бий. Нийт ажиллагсдын 30 орчим хувийг малчид эзэлдэг. Малчин хүний хөдөлмөр хүнд хэцүү. Төв суурийн газрын иргэд өдөрт найман цаг, нар салхинаас хамгаалсан орчинд ажил албаа явуулдаг бол малчин хүний өдөрт үргэлжлэх ажлын цаг найман цагаар хязгаарлагдахгүй. Үүрийн гэгээ орохоос үдшийн бүрий тасартал ажил нь үргэлжилдэг. Хүнд хөдөлмөр эрхэлж, нар салхинд хамгийн ихээр гандаж явдаг энэ хүмүүсийн дундаж наслалт төв суурийн газрын хүмүүсээс доогуур байдаг. Энэ нөхцлийг харгалзан үзэж малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулах шийдвэр гаргалаа. /МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан /

Энэхүү хуулийн төсөл нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх тухай хууль юм.

Улсын хэмжээгээр сая нэг зуун мянга гаруй ажиллагсад бий гэх судалгаа байдаг. Нийт ажиллагсдын 47 хувь буюу 550 мянга орчим нь малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд  юм. Тэгсэн мөртлөө малчдын есөн хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн тооцоо байна. Нийт ажиллагсдын 47 хувийг эзэлж байгаа малчин, хувиараа  хөдөлмөр эрхлэгчид ийм бага хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг нь эдгээр хүмүүс нийгмийн хамгааллын гадна байна гэсэн үг. Тиймээс нийт ажиллагдсын 47 хувь атлаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлт асар бага энэ бүлэгт нийгмийн хамгааллыг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж бид үзсэн. Энэ утгаараа малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх энэ хуулийн төслийг өргөн барьж, батлуулсан байна.

Гэхдээ өнөөдрийн бус тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нэг удаа нөхөн тооцох ажээ. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч танд хэдэн жилийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хэрэгцээ, шаардлага байна түүнийгээ өөрөө тооцоод төлнө. 15-60 насны иргэд хамрагдах бүрэн боломжтой бөгөөд нөхөн төлөх хугацааг 1995 оноос өнөөдрийг хүртэл гэсэн зохицуулалтаар хийжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээр нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн аливаа сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд эхчүүд, малчдын нийгмийн баталгааг хангах, малчдын нийгмийн даатгалд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлнө гэж хууль санаачлагчид үзэж байна.

Т.Балт