М.Энхболд: Намуудын саналыг нэгтгэж УИХ-д хүргүүлнэ

2014/01/28 15:14 704

МАН-ын санаачилгаар зохион байгуулсан улс төрийн намуудын удирдлагуудын дөрөв дэх удаагийн уулзалтаар гурван асуудлаар санал нэгдэж тунхаг бичигт гарын үсэг зурсан юм. Энэ талаар УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдоос тодрууллаа.

-Улс төрийн намуудын удирдлагууд зөвшилцөөд ямар шийдэлд хүрэв?

-МАН-аас санаачлан өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш хоёр сар орчмын хугацаанд улс төрийн намуудын удирдлагуудын дөрөв дэх уулзалтыг зохион байгуулж байна. МАН-ын XXVII их хурлаас гарсан шийдвэрийн дагуу үндэсний зөвшилцлийн хүрээнд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-нд намуудын дарга нарын анхны уулзалтыг хийсэн. Үүний дараа намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нарын төвшинд уулзалт зохион байгуулсан.

УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төсөлд улс төрийн намуудын байр суурийг тусгах нь чухал. Мэдээж Монголын 20-иод улс төрийн нам нэг байр суурьтай байхгүй нь ойлгомжтой. Ялангуяа парламентад суудалгүй намууд Үндсэн хуулийн долоон өөрчлөлт, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулиар ямар байр суурьтай байгааг бид өнөөдрийн уулзалтаар сонсох зорилготой байна. Бид энэхүү гурван асуудлын хүрээнд намуудын байр суурийг сонсож, саналуудыг нэгтгэж УИХ дахь ажлын хэсгүүдэд хүргүүлнэ.

МАН улс төрийн намуудын уулзалтыг зохион байгуулж байгаагийн хувьд үр дүнг нь хариуцах ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар УИХ-ын дэд дарга Л.Цог, сонгуулийн хуулийн өөрчлөлтийн асуудлаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн С.Баярцогт нарт холбогдох саналуудыг хүргэнэ.

-Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх талаар Ардын нам ямар байр суурьтай байгаа вэ?

МАН-ын хувьд Улс төрийн намын тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хэсэгт тодорхой төлөөлөл оруулсан.

-МАН-ын хувьд Улс төрийн намын тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хэсэгт тодорхой төлөөлөл оруулсан. Парламентад суудалтай намын хувьд Улс төрийн намын хуулийн талаар байр сууриа илэрхийлэх ёстой. Намын гишүүнчлэл, өмч хөрөнгийн асуудлаар  олон намын тогтолцоо бүрэлдсэнээс хойш 20 жилийн хугацаанд бий болсон тэрхүү хууль эрх зүйн орчныг үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байгаа.

Нөгөөтэйгүүр улс төрийн намууд байгуулагдсан бол хариуцлагатай байх, сонгуульд соёлтой оролцох, сонгуулиар тодорхой суудал авсан ч, аваагүй ч идэвхтэй үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Улс төрийн намуудын санхүүжилтэд анхаарч, эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Ялангуяа сонгуулийн үеийн санхүүжилтийг улс төрийн намууд адил тэгш төвшинд явуулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна.

-Үндсэн хуулийн долоон өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуулийн долоон өөрчлөлтөд авах гээхийн ухаанаар хандана. Төрийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээлтэй зүйл байсан. Тэр бэрхшээлийг арилгах үүднээс 2000 онд тухайн үеийн УИХ долоон өөрчлөлт оруулсан байдаг.

Жишээлбэл, УИХ-ын хуралдааны ирц, нэг удаа чуулах хугацааны тухай өөрчлөлт нь төрийн үйл ажиллагааг тасалдалгүй явуулах талаасаа ач холбогдолтой болсон. Ер нь энэ асуудлаар ажлын хэсэг дээр бид байр сууриа илэрхийлж ажиллаж байгаа.

News.mn