Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сиалункон Сэнг Утхоныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Элчин сайд МАН парламентад олонхи болж, УИХ-ын даргаар сонгогдсонд нь М.Энхболдод баяр хүргээд Лаосын парламентын тэргүүний мэндчилгээг уламжлав.
Тэрбээр “Монгол Улс, Лаосын хооронд 1962 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Хамтын ажиллагаа олон салбарт үр дүнтэй хөгжсөөр ирсэн. Хууль тогтоох салбарын хамтын ажиллагаа ч сайн байгаа. Өнгөрсөн жил Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж хамтын ажиллагааны ойрын үеийн чиглэлүүдээ тодорхойлсон. Тэдгээр нь эрүүл мэнд, аялал жуулчлал, хөдөө аж ахуй юм. Хоёр орон цаашид олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ чиглэлээр хамтран ажиллах нь чухал юм” гэж тэмдэглэлээ.
Элчин сайд Сиалункон Сэнг Утхон “Манай улс, ард түмнийг байнга туслан дэмжиж байдагт нь Монгол Улсын Засгийн газар, ард түмэн, УИХ-д гүн талархлаа илэрхийлье” гэв.
УИХ-ын дарга М.Энхболд Монголыг сайн мэддэг хүн Элчин сайдаар томилогдон ирсэн нь хоёр орны уламжлалт хамтын ажиллагаанд эерэг үр дүн, ололт амжилт авчирна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр хамтын ажиллагааны сайн туршлагаа бататгаж, худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал гэдгийг онцоллоо. Түүнчлэн БНАЛАУ АСЕАН-ыг даргалж байгаагийн хувьд Монгол Улсыг тус яриа хэлэлцээний түнш орон болоход дэмжиж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Ноён Элчин сайд “Таны дэвшүүлсэн саналыг байнга дэмжих болно” гээд УИХ-ын дарга М.Энхболдыг БНАЛАУ-д айлчлахыг урьсныг талархан хүлээж авлаа.