Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ.

2016/11/18 19:15 1819

(Д.НАЦАГДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙД)

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө!

Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний түүхт 110 жилийн ойг энэ өдрүүдэд улс орон даяар тэмдэглэж байна. Төрөлх нутгийн минь өлгий сайхан хөрсөнд эзэн Богд Чингис хааны алтан урагтнаас хүй тасарч, өрнө дахины боловсролын дээжийг анхлан хүртсэн сод хөвгүүнээ дурсан хүндэтгэж буй Та бүхэнд, нийт монголчууддаа Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна.
ХХ зууны Монголын түүхэнд тодорсон агуу их хүмүүсийн нэгэн, шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, нэрт сэтгэгч нь “Их зохиолч” хэмээх алдрыг түмэн олноосоо хүртсэн Дашдоржийн Нацагдорж юм.
Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч тэрбээр зөвхөн утга, уран зохиолд ухаанаа сойж, оюунаа чилээж байгаагүй билээ. Дашдоржийн Нацагдорж шинэ байгуулагдсан улс гэрээ төвхнүүлэхэд манлайлан оролцож төр, олон нийтийн албанд хоёргүй сэтгэлээр ажиллаж, идэр залуучуудыг оюун сэтгэлгээ, ёс суртахууны хувьд хошуучлан дагуулж байсан авьяаслаг сэхээтэн байсныг Монголын түүх, эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээ нотлон харуулдаг. Дашдоржийн Нацагдорж суу билиг, авьяас ухаан, боловсрол мэдлэгээ зөвхөн эх сайхан Монгол орон, элгэн халуун нутагтаа зориулж, Монгол орноо магтан бахдаж, хүндэтгэн биширч, дээдлэн хайрлахыг зохиол бүтээлдээ яруу тод дүрслэн харуулсан жинхэнэ эх орончдын нэгэн байсан билээ.
Түүний уран бүтээлийн өв нь өнөө бидний төдийгүй ирээдүй олон үеийн турш Монголын бахархал болж, дэлхийн эрдэмтэн мэргэд, соёлт хүн бүрийн анхаарлыг татаж, улам баяжин хөгжсөөр байна гэдэгт итгэж байна.
Тэрбээр Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэн бүрэлдэх эхний жилүүдэд энэ салбарт ажиллаж байсан Монголын анхны судлан шинжлэгчдийн нэгэн юм. 1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдаж Монгол орныхоо эх түүх, хэл соёлыг судлах, эрдэм бүтээл, эрдэс баялгийг эрэн хайх ажлыг эхлүүлэхэд анхны археологийн хайгуул судалгааны эхийг тавилцсан түүхтэй. Өрнө дахины боловсрол, соёлыг суралцан эзэмшсэн, эх орныхоо ирээдүй хойчийн гэгээн сайханд итгэн тэмүүлсэн түүнийг цагийн шуурга, үзэл суртлын дайралт тойрч гараагүй юм.
Энэ хорвоод 31-хэн зуныг үдсэн Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, Их зохиолчийн амьдрал, түүхийн өвийг судлан шинжлэх, зөвөөр үнэлэн дүгнэх асуудал нэн чухал байгаа бөгөөд цаашид “Нацагдорж судлал” улам өргөжин, түүний амьдрал, уран бүтээлийг залуу хойч үедээ ойлгуулан таниулах, өвлүүлэн уламжлуулах чиглэлээр манай боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагууд ихээхэн зүйл хийнэ гэдэгт итгэж байна.
Монголын уран зохиолын эх ундарга дундаршгүй байж, их зохиолчийн маань хэлсэнчлэн “Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсаж” байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Төрийн нуруу төвшин
Түмэн олон амгалан байх болтугай.

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын ЭНХБОЛД


2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот