2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн баталлаа.

2016/11/10 14:04 2207
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээ
Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.10 Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа тогтсоны дараа Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр уншиж танилцуулав.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үед төсөлд тусгагдсан эдийн засгийн үзүүлэлтүүдээс нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, нийт зарлагын дээд хэмжээ, зарлагын өсөлт, тэнцвэржүүлсэн тэнцэл, хөрөнгийн зардлын хэмжээ, Засгийн газрын өрийн нийт хэмжээг бодитойгоор тооцож, холбогдох өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй гэсэн Төсвийн байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат асуулт асууж, хариулт авсны дараа Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж дуусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг батлав
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 
Хүүхдийн мөнгийг олгохтой холбоотой зарим зүйлийг тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын асуултад байнгын хорооны дарга хариулт өгөв. Улсын Их Хурал 2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр Хүний хөгжил сангийн тухай хуулийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн мөнгө олгохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах байдлаар хийхдээ “хүүхдийн мөнгөн тэтгэмж” хэмээн тодорхойлох шаардлага үүссэн болохыг тайлбарлалаа. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгоно, ингэхдээ 60 хувьд нь бэлнээр олгож, үлдсэн 40 хувьд нь хадгаламж хэлбэрээр өгөхөөр шийдвэрлэсэн гэв. Үргэлжлүүлэн хууль, тогтоолын төслүүдийг батлахдаа төсөл тус бүрээр санал хураалт явуулан, дээрх 11 хуулийн төсөл, нэг Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан юм. 
10 хууль, 4 тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгтэй холбогдсон хууль, тогтоомжийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан юм. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн уншиж танилцууллаа.
Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын Их Хурлын 2001 оны 74 дүгээр тогтоолын дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг түүний албан тушаалын сарын цалингаас төрийн алба хаасан хугацааг нь харгалзан 5-25 хувиар тооцож олгодог байсныг өөрчилж, жигд 10 хувиар тооцож олгох нь зүйтэй гэж үзсэн Хууль зүйн байнгын хорооны саналын дагуу “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 2 дугаар зүйлээс “Журам батлах тухай” Улсын Их Хурлын 2001 оны 74 дүгээр тогтоолыг хүчингүй болгохоор тусгасныг хасч, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Бусад хууль, тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй болохыг тэрбээр танилцуулгадаа дурдав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт, тодруулга хийгээгүй тул Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналыг томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Эцэст нь хууль, тогтоолын төсөл тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 88.7 хувийн саналаар, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 84.9 хувийн саналаар, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 81.1 хувийн саналаар, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 86.5 хувийн саналаар, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 78.8 хувийн саналаар, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 84.3 хувийн саналаар, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 82.7 хувийн саналаар, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 76.9 хувийн саналаар, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 80.8 хувийн саналаар, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 84.6 хувийн саналаар, "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын 2015 оны 70 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг 84.3 хувийн саналаар, "Прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг 86.5 хувийн саналаар, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг 86.8 хувийн саналаар, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 88.7 хувийн саналаар тус тус дэмжиснээр 10 хууль, 4 тогтоолын төсөл батлагдлаа. 
 
Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв
Мөн өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. 
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Т.Аюурсайхан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Оюутолгойн уурхайгаас олсон ашгийг Монголбанкаар дамжуулахаар гэрээнд өөрчлөлт оруулах чиглэлээр Засгийн газар судалж байгаа эсэхийг Т.Аюурсайхан гишүүн тодруулав. Мөн тэрбээр валютын ханшийг хөөрөгдөхөд Оюутолгой уурхайн үйл ажиллагаа тодорхой нөлөө үзүүлээд байгаа бөгөөд цаашид тус компани ам.долларыг дотоодод худалдаалахдаа Монголбанкны тухайн өдрийн нэрлэсэн ханшаар худалдаалдаг байх зохицуулалтыг хийх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, валютын ханшийн асуудлаар байнгын хороо тусгайлан хэлэлцэхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ асуудал нь ирэх оны мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр холбогдуулах хэлэлцэх асуудал биш гэдгийг тодотгов. Мөн Оюутолгой уурхайн асуудлаар салбарын сайдад асуулга тавьсан, үүнийг хэлэлцэх үеэр дээрх асуудлуудаар дэлгэрэгүй мэдээлэл авч, хэлэлцэх боломж бий гэв. Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй 11 саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг явуулж, харьяалах байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтийг танилцуулсан юм. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувийн саналаар хуулийн төслийг баталлаа.
2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 
Энэ өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан юм. Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийгээд Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 185.4 тэрбум төгрөгөөр, нийт зарлагыг 4.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төсвийн тэнцэлийг 180.5 тэрбум төгрөгөөр сайжруулжээ. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын жагсаалтаас төсөвт өртгийг 41.0 тэрбум төгрөгөөр, 2017 онд санхүүжих дүнг 14.1 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, “Барих-шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын жагсаалтаас ажлын гүйцэтгэлийг нь үндэслэн 329.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 41.3 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 2 төсөл арга хэмжээг хасч тооцсон байна. Эдгээр өөрчлөлтийг 2017 оны төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,160.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23,3 хувь, нийт зардал 8,568.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.3 хувь болж, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,408.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.1 хувь болж, Засгийн газраас өргөн барьсан төслөөс 0.8 хувиар буурсан аж. Мөн улсын төсвийн орлого, зарлагын өөрчлөлттэй уялдуулан Нийгмийн даатгалын сангийн орлогыг 10.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 1,978.0 тэрбум төгрөг, тус сангийн зарлагыг 0.7 тэрбум төгрөгөөр бууруулан 1,877.4 тэрбум төгрөг байхаар тооцож, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүд байгаагүй тул хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явуулахаар тогтсоноор чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.