Нийслэл хотын 377 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ.

2016/10/29 15:07 1912

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ!


Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэл хотын иргэддээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.


Монгол Улсын нийслэл нь Өндөр гэгээн Занабазарыг 1639 онд өргөмжилсөн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Эх Монгол уулын өвөр Ширээ Цагаан нуур гэдэг газарт Хутагтын хүрээ, Шар бүсийн хот нэрээр анх байгуулагдаж, Богдхан уулын ар, хатан Туулын хөвөөнөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хөндийд 1778 онд төвхнөн, Их Хүрээ хэмээн нэрлэгдэж байгаад 1924 оноос Улаанбаатар болж нүүдлээс суурьшилд шилжсэн түүхтэй.


Тэр цагаас хойш нийслэл хот маань өргөжин тэлж, өнгөжин жавхаажиж, үүлс дээшээ дээвэр тулсан, уулс тийшээ хаяа тэлсэн, сая гаруй иргэнтэй хот болж хөгжсөн билээ.


Монгол Улсын нийт хүн амын 47 хувийг эзэлдэг Улаанбаатарчууд бид хүрээ соёл, хүүхэд залуусын боловсрол, хүмүүжлээрээ үлгэрлэж, нийслэл хотдоо аз жаргалтай, амар тайван, зөв боловсон аж төрж, нийтлэг ёс зүй, дэг жаягийг эрхэмлэн дээдлэх нь хүн бүрийн ухамсарт сэтгэхүй, хичээл зүтгэлээс хамаарах бөгөөд их хотын иргэн хэмээх нэр алдраараа бахархан ирээдүйдээ итгэлтэй, инээмсэглэл дүүрэн, сэтгэл хангалуун амьдрах учиртай.


Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг үйлдвэрлэдэг нийслэлийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах, эрх зүйн тогтолцоог улам боловсронгуй болгох зэрэг нийслэлчүүдийн эрх ашгийг хөндсөн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд УИХ-ын зүгээс байнга анхаарч ажиллах болно.


Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед иргэдийнхээ амьжиргааны түвшинг хамгаалан дээшлүүлэх, эрүүл, аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхэд хотын удирдлага, иргэд, олон нийтийн болон бизнесийн байгууллагуудын хамтын хүчин чармайлт, идэвх оролцоо нэн чухал юм.


Төрөлх хот маань өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж, оршин суугчдын ая тухтай, аз жаргалтай амьдрах тааламжтай нөхцөл бүрдсэн орчин үеийн орон сууцны цогцолбор хороолол, суурьшлын бүсүүд сүндэрлэн босож, төр, нийгмийн үйлчилгээ нь иргэддээ ойр байж, монгол үндэстний өв соёл, амьдралын хэв маяг, дүр төрхийг илэрхийлсэн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болно гэдэгт итгэлтэй байна.


Улаанбаатарчууд Та бүхэндээ нийслэл хотынхоо 377 жилийн ойн өдрийг тохиолдуулан эрүүл энх, аз жаргал, эв нэгдэл, амжилт бүтээл хүсэхийн ялдамд тусгаар Монгол Улсын минь туг сүлд, хийморь нь өөдөө, гал голомт нь ариун дагшин байж, үеийн үед мандан бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Төрийн нуруу төвшин
Түмэн олон амгалан байх болтугай.

Монгол Улсын Их Хурлын дарга

Миеэгомбын ЭНХБОЛД


2016 оны аравдугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот