Нийслэлтэй 18 жил ажил, амьдралаа холбосон Улаанбаатар хотын 27 дахь дарга

2016/10/29 13:01 2976

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 377 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд нийт 32 хүн нийслэл хотыг даргалжээ. Тэдгээр 32 эрхмээс 4 нь Улаанбаатар хотыг хамгийн удаан удирдсан гэхэд болно. Үе үеийн хотын дарга нарын тухай түүхийг сөхөхөд, 1944-1956 оны хооронд нийт 12 жил Г.Багаа хотын даргаар ажиллаж байжээ.

Тэгвэл түүний араас хотыг тус бүр 6 жил удирдсан 3 хүн байна. Тэд бол 1920-иод оны сүүл, 1930-аад оны эх, сүүл үед Д.Гомбожав, 1965-1971 онд Д.Цэдэв, 1999-2005 онд М.Энхболд нар юм. 1971 оноос хойш одоог хүртэл УИХ-ын дарга М.Энхболд шиг 6 жил буюу харьцангуй удаан жил нийслэл хотыг удирдсан хүн хараахан тодроогүй байна.

Тиймээс ч бид уншигч танд сонирхолтой байх болов уу гэдэг үүднээс “Нийслэлийн өдөр” тохиож буй энэ өдөр одоогийн УИХ-ын дарга,  1999-2005 онд Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан М.Энхболдын талаар хэдэн баримт дэлгэе. 

М.Энхболд 1999-2005 онд одоогийн метрополитан хотыг даргалж байлаа, 2015 оны зураг

1964 он 

Улаанбаатар хотын уугуул иргэн. Түүний мэндэлсэн онд нийслэл хот байгуулагдсаны түүхт 325 жил тохиож байсан. Хожмоо 35 насандаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсон юм.

1987 он 

23 настай М.Энхболд “Улаанбаатар”-аар овоглосон байгууллагаас ажил, амьдралынхаа гарааг эхэллээ. Тодруулбал, 1987 онд Улаанбаатар хотын Аж ахуй, үйлчилгээний удирдах газарт эдийн засагчаар ажилд оржээ.

1992 он 

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгтэй 7 жил ажлаар холбогдлоо. Хотын дарга болох хүртлээ Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, тус дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байв.

Хотын дарга асан М.Энхболд

1999 он 

Улаанбаатар хотын 27 дахь хотын дарга. Түүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдох жил нийслэл хот байгуулагдсаны түүхт 360 жилийн ой тохиож байсан юм. Улаанбаатар хотын түүхэнд хотын даргаар 6 жил ажилласан гурван хүн байдгийн нэг нь М.Энхболд.

Хотын дарга байхдаа хийсэн 20 жил

1. 1999-2005 он бол Улаанбаатар хотын өнөөгийн хөгжлийн гарааны жилүүд байлаа.

2. Тэрээр нийслэл өргүй байх, санхүүгийн хувьд чадамжтай байх тал дээр анхаарч, 2001 оноос нийслэл төсвийн өргүй болж, хот санхүүгийн хувьд бие даасан байх, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг өнөөгийн тогтолцоо бий болох эхлэлийг тавьсан юм.

3. Хотын татвар гэдэг шинэ ойлголт биш. 1995 оноос эхтэй бодлогын шинжтэй уг асуудлыг шийдэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байна.  

4. Нийслэлийн иргэдийн орлогод тохирсон, стандартын шаардлагад нийцсэн 4000-аас доошгүй айлын орон сууц барих хөтөлбөрийг боловсруулж, НИТХ-аар оруулж байжээ.

5. Жил бүрийг тодорхой онцлогтой жил болгон зарлаж, тодорхой ажлуудыг хийж байлаа. Тухайлбал, 2001 он “Иргэдтэй ажиллах жил”, ”2003 он “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил” байсан юм.

Харьцуулалт

6. Боржин чулуу бүхий талбай. Хотын даргаар ажиллаж байхдаа Сүхбаатарын талбайн асфальтыг хуулж, боржин чулуун талбай болгосныг нийслэлчүүд мэднэ.

Улаанбаатарын "Big Ben"

7. Төв талбайн цаг. 157 жилийн түүхтэй Лондон хотоос эхлэн ОХУ, Хонг Конг зэрэг улсын төв талбайд байдаг “Big Ben”цаг Улаанбаатар хотод ч бий. Дэлхийн хамгийн том бөгөөд алдаагүй явдаг, цагны хонх нь төв талбайдаа сонсогддог уг цагийг олон улсын стандартын дагуу захиалгаар хийлгэх ажлыг М.Энхболд санаачлан хариуцсан юм.

8. Түүнийг хотын даргаар ажиллаж байх 2000 онд Улаанбаатар хотын хүн ам 790 000 байсан бол 2005 онд 970 000-д хүрлээ. 2000-2005 онд Улаанбаатар хотын хүн амын өсөлт 4 хувьтай байсан нь харьцангуй өндөр үзүүлэлт юм. Нийслэл хот хөгжихийн хэрээр орон нутгаас шилжин ирэгсдийн тоо нэмэгдсээр байсан юм. Тиймээс энэ асуудлыг зохицуулах зорилгоор хөдөө орон нутгаас хотод шилжин ирэгсдээс 13000-26000 төгрөг, хотод түр оршин суухад сар тутамд 1000-2000 төгрөг авдаг байх журам гаргаж байжээ.

9. М.Энхболд тэргүүтэй нийслэлийн удирдлагууд 2000-2002 онд “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, Засгийн газрын тогтоол гаргуулж байлаа.

10. Энэ л үеэс хотын хүн амын хэт төвлөрлийг сааруулах зорилготой үе шаттайгаар хэрэгжүүлж, дагуул хот, дэд төв байгуулах санал санаачилга гаргаж байв. Тэр дундаа Багахангай дүүрэгт эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, хөрөнгө оруулалт татах тухай саналыг тухайн үеийн НИТХ-аар оруулж байлаа.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд, 2002 он

"...Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллана гэдэг бол хүнд тохиох ховорхон боломжуудын нэг л дээ. Энэ боломж, асуудлыг өөр өнцгөөс харах, хурлын төлөөлөгч нарт ойлгуулахад илүү давуу тал болдог байсан байж магадгүй. Хотын даргаар ажиллаж байхдаа, Улаанбаатар хотын амин чухал асуудлыг шийдвэрлэж, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж, хотын иргэн хотдоо сэтгэл хангалуун амьдрах боломжийг хангахад анхаарч байлаа..."

11. Хотжилт эрчимтэй бүс, ХАА-г тэргүүлэх чиглэлээр хөгжүүлэх бүс, аж ахуйг хязгаарлагдмал чиглэлээр хөгжүүлэх бүс гэсэн гурван бүсчлэлээр Улаанбаатар хотыг хөгжүүлэх ажлыг гардан хариуцаж байв. 

12. Нийслэлийн хүн амын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, нөөцийг нарийвчлан тогтоох, усан хангамжийн инженерийн барилга байгууламж барих бэлтгэл ажлыг эдгээр жилүүдэд өрнүүлж байлаа. Тодруулбал, Нисэх, Яармаг, Шархад, Хайлааст, Дэнжийн мянга, Толгойтын гэр хорооллын усан хангамжийн системийг ашиглалтад оруулав.

13. Хотын инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх, авто зам, нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй болгох ажилд ч түүний хувь нэмэр бий. Жишээлбэл, гэр хороололд 19.6 км авто зам болон явган хүний зам, 247 метр 8 гүүр, 6.1 км дулааны шугам зэргийг тавьж байв.

14. 10 мянга гаруй айл  өрхийг цахилгаанаар хангаж, 76 ус түгээх байрыг шинээр барьж, зөөврийн усны машиныг 13-аар нэмэв.

15. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оюутны хотхоны бүс бий болгож, холбогдох байгууллагуудтай харилцан уялдаатай ажиллаж байлаа.

16. Жил бүрийн 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 1-ний өдөр архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байхыг 14 жилийн өмнө санаачлан хэрэгжүүлж байсан нь өдгөө сар бүрийн эхний өдөр болж өргөжжээ.

17. Нийслэлийн хүн амыг чанартай, эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилгоор “Нийслэлийн хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөрийг санаачилснаар нийслэлийн тодорхой бүс нутгуудад сүү, гахай, шувуу, зөгий зэрэг фермер, аж ахуйг хөгжүүлж байв.

18. Эмзэг бүлгийн болон олон хүүхэд нь зэрэг суралцдаг өрхийн 3-аас дээш хүүхдэд хичээлийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгож байв. Хүүхдийн сурч боловсрох, амьдрах таатай орчин бүрдүүлэхэд тодорхой ажлууд хийлээ.

19. “Хангарьд” одонг бий болгож, “Хүрээ нүүдэл” хөтөлбөрийг санаачилж, түүх, соёлын 17 хөшөө дурсгал босгосон юм.

20. “Парк шинэчлэл 2005-2008” хөтөлбөрийг баталж, хот тохижилт, хог тээвэрлэх ажиллагааг шинэ шатанд гаргасан.

2005 он 

Улаанбаатар хотын аж ахуй, орон нутгийн захиргаа, нийслэлийн удирдлагын түвшинд нийт 18 жил ажилласны эцэст Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон, албан тушаал дэвшин ажиллахаар болов. Үүрэгт ажлаа нэр төртэй гүйцэтгэснийг үнэлэн М.Энхболдыг Улаанбаатар хотын иргэнээр өргөмжиллөө.

2005-2016 он 

УИХ-ын даргын тамгаа гардаж байх үеэр

1999 оноос эхлэлтэй түүний ажил хөдөлмөр, улс төрийн карьер тасралтгүй өсч байна. Тэрээр хотын дарга, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын дэд дарга, УИХ-ын дарга гээд төрийн өндөр хариуцлагатай албыг хашсаар ирлээ. 

Эх сурвалж Vip76.mn сайт.