УИХ-ын дарга М.Энхболд БНСУ-ын “КАЛ” компанийн захирлыг хүлээн авч уулзлаа.

2016/10/25 11:09 919

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр /2016.10.24/ БНСУ-ын “КАЛ” компанийн захирал Чи Чан Хүн-ийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр манай “гуравдагч хөрш” бөгөөд бүс нутаг дахь хамгийн ойрын түнш, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, иргэд, хүмүүнлэгийн салбарын хамгийн өргөн харилцаатай орон болох БНСУ-тай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд, хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж соёл, боловсролын хамтын ажиллагаа, иргэдийн солилцоо нэмэгдэж, улс төрийн өндөр, дээд түвшний харилцааны давтамж байнга өндөр байгааг онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд “КАЛ” компани хоёр орны харилцааны эхэн үеэс Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарыг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг Монголын ард түмэн сайн мэддэг гээд тус компанийн толгой групп болох “Ханжин” групп Монголын боловсролын салбарт оюуны томоохон хөрөнгө оруулалт хийж, монгол оюутнуудыг БНСУ-д суралцахад дэмжлэг үзүүлсээр байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

“КАЛ” компанийн захирал Чи Чан Хүн “Ханжин” групп, Монгол Улс олон жилийн сайхан харилцаатай бөгөөд энэ онд “КАЛ” компани Монгол Улсад нислэг үйлдэж эхэлсний 25 жилийн ой тохиож байна гэв. “КАЛ” болон МИАТ компанийн хооронд хамтарсан нислэг үйлдэх, Монголын иргэний агаарын тээврийн инженер техникийн болон үйлчилгээний ажилтнуудын дунд сургалт зохион байгуулах зэрэг чиглэлээр олон жил, үр дүнтэй хамтран ажиллаж байгааг ноён Чи Чан Хүн онцлов.

Тэрбээр “Нислэгийн компанийн хөгжил дэвшилд нисэх буудал онцгой чухал үүрэгтэй. Танай улс олон улсын шинэ нисэх буудал байгуулж, ирэх онд ашиглалтад оруулах гэж байгаад талархалтай байна. Би Монгол Улсын Зам, тээврийн сайдтай уулзсан. Энэ үеэр хуучин нисэх буудлаа нисэгчдийг бэлтгэх, дадлагажуулах, давтан сургах бааз болгох зорилготой байгааг сонссон. Энэ бол маш зөв алхам юм” хэмээн тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд нэгэнт тогтсон уламжлалт харилцаагаа цаашид илүү үр ашигтай өргөжүүлэхийг хүсэн ерөөгөөд, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр УИХ  анхаарал тавьж, дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.