Төрөөс мөнгөний талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

2016/10/20 18:29 1262

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.10.20/ нэгдсэн хуралдаан 15 цаг 36 минутад 51.3 хувийн ирцтэй эхлэв. Чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар  Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ асуудлын талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулсан юм.

Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, банкны системийн хэмжээнд эрсдэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулсныг тэрбээр онцлов.

Макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг алдагдуулж болзошгүй төсвийн алдагдал, улсын өрийн дарамт, санхүүгийн системийн мөчлөг сөрөх эрсдэл зэргийг бууруулахгүйгээр эдийн засагт мөнгө нийлүүлэх нь эдийн засгийн өсөлтийг дэмжих гэхээсээ эдийн засгийн гадаад тэнцвэрт байдлыг алдагдуулж, төгрөгийн ханш сулрах дарамтыг нэмэгдүүлж, санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үр дагавартай. Иймд өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн төсвийн шинж чанартай мөнгөний бодлогын үйл ажиллагааг цаашид хумиж, зах зээлийн зарчимд нийцүүлсэн арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд макро эдийн засгийн бодлогыг чиглүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа.

Мөн эдийн засгийн гадаад орчны таатай бус нөхцөл байдалтай давхцан Засгийн газар, Хөгжлийн банк, Монголбанк болон хувийн секторын гадаад өр, Засгийн газрын дотоод зээлийн эргэн төлөлтийн хугацаа ойртсон нь төсвийн болон төлбөрийн тэнцлийн хүндрэлийг давхар бий болгож болзошгүй байна. Үүнтэй зэрэгцэн эдийн засгийн өсөлт саарч, төсвийн алдагдал огцом нэмэгдсэн нь олон улсын эрх бүхий байгууллагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулахад багагүй нөлөө үзүүлж буйг дурдлаа.

Иймд дунд хугацаанд макро эдийн засгийн болон улсын өрийн тогтвортой байдлыг хангасан, валютын ханшийн уян хатан байдал, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг эрс нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг сэргээхэд чиглэсэн макро эдийн засгийн цогц бодлогыг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Энэхүү бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд төсвийн сахилга бат, өрийн зохистой удирдлага чухал үүрэгтэйг Монголбанкны ерөнхийлөгч онцлов.

Эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад ирэх жилүүдийн гадаад өрийн төлбөр болон төсвийн алдагдлыг гадаад бонд,арилжааны зээлээр санхүүжүүлэх, эсхүл ОУВС-ийн хөтөлбөрийнхүрээнд олон улсын санхүүгийн байгууллагууд, бусад доноруудын хөнгөлөлттэй зээл, санхүүгийн туслалцааг авч төсвийн сахилга батыг хангаж, эдийн засгийг дунд хугацаанд тогтворжуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэсэн бодлогын хоёр сонголт тулгараад байгаа. Монголбанкны хувьд хоёр дахь хувилбарыг хүнд хэцүү ч зайлшгүй сонголт гэж үзэж байгааг тэрбээр хэллээ.

Мөнгөний бодлого нь улс орны хэмжээнд үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг хохирол багатайгаар даван туулж, макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулан эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа аж. Энэ үндсэн дээр мөнгөний бодлогын зорилтын хүрээнд:

  • Мөнгөний бодлогын зах зээлд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2017-2019 онд жилийн 8 хувиас дээшгүй түвшинд байлгана.

  • Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн, уян хатан тогтох зарчим баримтална.

  • Эдийн засгийн гадаад орчинд гарч болзошгүй огцом өөрчлөлтийг төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уян хатан бодлого, мөнгөний бодлогын арга хэрэгслийг ашиглан зохицуулж, гадаад валютын улсын нөөцийг зохих түвшинд хүргэж нэмэгдүүлэх зорилтыг тусгажээ.

Мөн санхүүгийн салбарын тогтвортой байдлын хүрээнд санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор системийн тогтвортой байдлын үнэлгээг олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран гүйцэтгэж, макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх, банкны салбарын төлбөр түргэн гүйцэтгэх болон эрсдэл даах чадварыг хадгалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар тусгажээ. Харин санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах үүднээс Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлж, зөвлөлийн гишүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголбанкны бие даасан, хараат бус байдал, валют, үндэсний төлбөр тооцооны системийн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилтуудыг тусгасан байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн байна. Энэ талаархи тус байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, Ц.Даваасүрэн, Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Г.Занданшатар, Т.Аюурсайхан, М.Билэгт, Н.Энхболд нарын гишүүд мөнгөний уян хатан бодлого явуулах, валютын нөөцийг нэмэгдүүлж, хомсдлоос гарах арга замыг тодорхойлох, мөнгөний бодлого нь төсөвтэй хэр уялдсан, түүнчлэн орон сууцны ипотекийн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлд мөнгөний бодлогыг хэрхэн уялдуулах, Стэнд бай хөтөлбөрт хамрагдах нь зөв эсэх зэрэг асуудалд анхаарал хандуулж Монголбанкны ерөнхийлөгч болон Сангийн сайд, ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Ипотекийн зээлийн асуудалтай холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нийгмийн хэрэгцээ шаардлагын үүднээс Монголбанк ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн төлөө байгаа, үргэлжлүүлж ч байгаа. Харин цаашид орон сууцны 5 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг зогсоох байр суурьтай байгаа. Энэ үндсэн дээр урьд нь 5 хувийн зээлд хамрагдах хүсэлт гаргаад байсан 1948 иргэний хүсэлтийг хангаж зээл олгосон. Одоо 8 хувийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд зөвшилцөж шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Учир нь УИХ-ын тогтоолын дагуу Ирээдүйн тэтгэврийн нөөц санг Засгийн газраас Монголбанк буцааж авсан. Гэтэл уг сан нь хөрөнгийн эх үүсвэргүй, мөн 8 хувийн зээлийг хөтөлбөрийн эрх зүйн орчин тодорхой бус байгаа. Гэвч уг зээлийн хөтөлбөрөөс сар тутам орж ирж байгаа 25 тэрбум төгрөгийн хөрөнгөд суурилан цаашид зохих хэмжээгээр үргэлжлүүлээд явъя гэсэн байр суурьтай байгаа. Сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх чиглэлэээр Засгийн газартай яриа хэлэлцээ хийж байгаа, зохих үр дүнд хүрнэ гэж найдаж байна гэсэн хариулт өгөв. Мөн энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнөх Засгийн газрын үед “Сайн хувьцаа”, “Сайн хашаа” зэрэг хөтөлбөрүүдэд зориулж 1 их наяд төгрөг хэвлэж гаргасан нь ханшид нөлөөлсөн. Иймээс төгрөгийн өрсөлдөх чадварыг хадгалж барихын тулд дээрх хөтөлбөрүүдийг зогсоох шаардлагатай болсон. Одоо зах зээлд 33 мянган орон сууц борлуулалтгүй зогсож байна. Ипотект хамруулж байж л дээрх орон сууцыг борлуулна. Тиймээс 100 хүртэлх ам метр талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн гэдгийг тодруулж хэллээ.

Харин Стэнд бай хөтөлбөрт хамрагдах нь зөв эсэх асуудлын тухайд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ 7 хоногийн сүүлчээр Олон улсын валютын сангийн ажлын хэсэг манай улсад ирнэ. Энэ үеэр зохих яриа хэлцэл хийгдэх байх, үүнээс олон зүйл хамаарна гэсэн хариулт өгсөн бол Сангийн сайд Б.Чойжилсүрэн Стэнд бай хөтөлбөрт хамрагдах эсэхээ одоогоор хараахан шийдээгүй байгаа. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг ирж уулзалт, яриа хэлэлцээ, судалгаа хийх байх. Үүний дараа хөтөлбөрт хамрагдах эсэх асуудал тодорхой болно. Ирэх оны төсөв батлагдахаас өмнө энэ асуудал шийдэгдэхгүй учраас хэрэв хөтөлбөрт хамрагдахаар тохирвол төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсгэхийг үгүйсгэсэнгүй.

Ингээд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, З.Нарантуяа, Д.Тэрбишдагва нар үг хэлж тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх талаархи байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.