УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд “Хятад ба Дэлхийн яриа хэлэлцээ” хуралд оролцлоо

2016/10/16 20:24 1051

Улсын Их хурлын дарга, Монгол Ардын намын дарга М.Энхболд БНХАУ-ын Чунчин хотод болж буй “Хятад ба Дэлхийн яриа хэлэлцээ” ОУ-ын хуралд оролцлоо. Энэхүү хурал нь гурав дах жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Англи, Франц, Герман, Япон, ОХУ зэрэг 50 гаруй орны 70 орчим улс төрийн намуудын удирдлагууд оролцож байна. Энэ жил “ Дэлхийн эдийн засгийн төгөлдөршил: Улс төрийн намуудын үзэл баримтлал, үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа аж.

2014 оноос эхэлсэн энэхүү Олон улсын яриа хэлэлцээнд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа бөгөөд энэ удаад тэд Эдийн засаг дах засаглалыг сайжруулах чиглэлээр ярилцаж байгаа юм. Саяхан болж өнгөрсөн G20  буюу Их хорийн уулзалтын үеэр Хятад улс энэ талаар санаачилга гаргаж дэлхий нийтэд уриалаад  байна. Дэлхийн олон орны парламентийн тэргүүнүүд намын дарга нар  оролцож байгаа хурлын үеэр УИХ ын дарга МАН ын дарга М.Энхболд ОХУ, Японы парламентийн төлөөлөгчидтэй уулзалт хийсэн байна. 

Өнгөрсөн дөрвөн жилд явуулсан эрх баригчдын хариуцлагагүй үйл ажиллагаанаас улбаатай эдийн засгийн хямралд ороод байгаа Монгол улсын хувьд хөрш орнуудын интераци, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн бодлогод анхааралтай хандан эдийн засгаа сэргээх боломжийг бий болгох шаардлага тулгараад байгаа билээ. Энэхүү ОУ-ын хуралд УИХ-ын дарга, МАН-ын дарга  М.Энхболд оролцон, бусад улсын зочид төлөөлөгчидтэй уулзалт хийж улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг бодитоор ойлгуулан, цаашид олон талаар хамтран ажиллах арга замуудыг эрэлхийлж байгаа нь эдийн засаг хүндэрч, гадны хөрөнгө оруулалт буурсан энэ үед ач холбогдолтой юм.