Монгол Улсын Засгийн газрын 11сайдыг томиллоо.

2016/07/23 11:01 2309

ИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.07.22/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Байнгын хороодын хуралдааны дараа эхэлж, Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр доор нэр дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлжээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Жамъянгийн Мөнхбатыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Дуламсүрэнгийн Оюунхоролыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Цэндийн Мөнх-Оргилыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Баттогтохын Чойжилсүрэнг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Сандагийн Бямбацогтыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Нямтайширийн Номтойбаярыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Жамъянсүрэнгийн Батсуурийг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Дангаагийн Ганбатыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Цэдэвийн Дашдоржийг нэр дэвшүүлсэн байна.

Дээр дурдсан хүмүүсийн Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадварыг харгалзан нэр дэвшүүлсэн хэмээн Ерөнхий сайд онцолсон.

Засгийн газрын гишүүдээр томилуулах саналыг харьяалагдах Байнгын хороод хэлэлцэн дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан Байнгын хороодын санал, дүгнэлт, Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулсан юм.  

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98.5 хувийн саналаар Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар, 95.3 хувийн саналаар Жамъянгийн Мөнхбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, 95.3 хувийн саналаар Дуламсүрэнгийн Оюунхорол Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдлоо.

Мөн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувь нь Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар, 93.7 хувь нь Цэндийн Мөнх-Оргилыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар, 95.1 хувь нь Баттогтохын Чойжилсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилохыг дэмжин баталлаа.

Түүнчлэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.9 хувийн саналаар Сандагийн Бямбацогт Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар, 94.8 хувийн саналаар Нямтайширийн Номтойбаяр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар, 83.6 хувийн саналаар Жамъянсүрэнгийн Батсуурь Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар, 94.7 хувийн саналаар Дангаагийн Ганбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар, 96.5 хувийн саналаар Цэдэвийн Дашдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдлоо.

Монгол Улсын Засгийн газрын шинээр эмхлэн байгуулж байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 94.7 хувийн саналаар баталлаа. Тус тогтоолоор Цэрэндашийн Оюунбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын, Сангажавын Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын, Намдагийн Батцэрэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Лүндэгийн Пүрэвсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад хэргийн сайдын, Баярбаатарын Болорыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын, Дамбийн Дорлигжавыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайдын, Дондогдоржийн Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэрийн сайдын, Зангадын Баянсэлэнгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын, Цэрэндашийн Цолмонг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын, Лувсаннямын Гантөмөрийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын, Мөнхчулууны Зоригтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын, Рэнцэндоогийн Жигжидийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхайн сайдын, Гарьдхүүгийн Баярсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын, Содномзундуйн Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын, Раднаагийн Бурмааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуйн сайдын, Дашзэвэгийн Зоригтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын, Самбуугийн Ламбааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын, Мэндсайханы Энхсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдын үүрэг ажлаас чөлөөлөө.