МАН-ын дарга М.Энхболдыг УИХ-ын даргаар сонголоо.

2016/07/05 14:17 1843

Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуульд 65 суудал авсан МАН-ыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдын нэрийг дэвшүүлэх тухай МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоол, нэр дэвшигчийн намтрыг уншиж танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Эрдэнэ, О.Баасанхүү, Ө.Энхтүвшин, Я.Санжмятав нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Ингээд хуралдаан даргалагч Улсын Их Хурлын даргыг сонгох санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 76 гишүүний 66 нь буюу 86.8 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдыг Улсын Их Хурлын даргаар сонгохыг дэмжсэнээр энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцохоор болов.

Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан шинээр сонгогдсон Улсын Их Хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, Улсын Их Хурлын тамгыг гардуулж өгөв.  Дараа нь шинээр сонгогдсон Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэллээ. 

Ж.Жаргал