МАН үнэмлэхүй олонх боллоо

2016/06/30 16:19 3711

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Монгол Ардын Нам УИХ-ын сонгуульд 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгууллаа. Завхан аймгаас бусад 20 аймагт нийслэл хотод МАН-ын нэр дэвшигчид олонхи болжээ. Энэ сонгууль ирц өндөртэй ирж оролцсон нийт ард түмэндээ МАН-ын нэр дэвшигчдийг дэмжсэн намын гишүүд, идэвхитэн сонгуультангууд, мөрийн хөтөлбөр, манай нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн нийт ард түмэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.

Улаанбаатар хотод болон аймаг орон нутагт манай намын штаб, нэр дэвшигчдийн багт ажилласан намын гишүүд, ухуулга сурталчилгааны ажилтнуудад талархал илэрхийлж байна. Монголын ард түмэн МАН-д их найдвар хүлээлгэлээ. Энэ их итгэл найдварын ард асар их хариуцлага байгаа гэдгийг ойлгож байна. Хариуцлагыг бид дааж, итгэлийг бүрэн дүүрэн хариулж чадна гэдгээ цохон тэмдэглэмээр байна. Бид улс орныхоо эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Монгол Улсын нэр хүнд уруудан доройтож байгааг засаж залруулахын төлөө бүх хүч чадлаа дайчилж ажиллана” гэсэн юм.

УИХ-ын сонгуулийн санал хураалт өчигдөр /2016.06.29/ болж, ард түмэн ирэх дөрвөн жилд парламентад суух төлөөллийн байгууллагаа сонголоо. Сонгуулийн ерөнхий хорооноос хийсэн урьдчилсан мэдээллээр УИХ-ын 76 суудлын 65-ыг МАН, 9 суудлыг Ардчилсан нам, МАХН нэг суудал, бие дааж өрсөлдсөн Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан нэг суудал авлаа.

УИХ-ын сонгууль жижиг 76 тойргоор зохион байгуулагдаж, 12 нам, гурван эвсэл, 68 бие даагч нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөн юм.

Нийт нэр дэвшигчдийн 129 нь эмэгтэй нэр дэвшигч байлаа. Сонгуулийн тухай хуульд заасан эмэгтэйчүүдийн квотын дагуу Ардчилсан нам, МАН тус бүр 16 эмэгтэй нэр дэвшигчийг дэвшүүлсэн юм.

Улсын хэмжээнд 1.910.878 сонгуулийн насны иргэд байснаас 924.629 сонгогч нь нийслэлийн сонгогчид байлаа. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн 22.00 цагийн байдлаарх сонгогчийн ирцийн мэдээллийг танилцуулахдаа энэ удаагийн сонгуульд оролцогчдын идэвхи өмнөх сонгуулиас өндөр байсныг онцолсон.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох сонгууль мөн УИХ-ын сонгуультай цуг нэг өдөр зохион байгуулагдлаа. Нийт 45 төлөөлөгч сонгогдсоны 34 суудлыг МАН, 11 суудлыг Ардчилсан намаас нэр дэвшигч тус, тус авсан юм.

Сонгуулийн ерөнхий хороог урьдчилсан байдлаар санал хураалтын дүнг танилцуулсны дараа Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийсэн. Тэрбээр “Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Хүндэтгэж байна. Сонгуульд ялсан өрсөлдөгчиддөө баяр хүргэе, мөн сонгуульд ялсан намынхаа 10-аад гишүүддээ баяр хүргэе. Санал хураалт бол төр засагтаа тавьж байгаа үнэлгээ юм.

Өнгөрсөн дөрвөн жил амаргүй он жилүүд байсан. Ирэх дөрвөн жил ч үүнээс амаргүй жилүүд хүлээж байгаа. Бид хариуцлагаа хүлээнэ” гэлээ.