МАН-ын дарга М.Энхболдыг Дарханчууд уухайлан угтлаа.

2016/06/25 19:31 3852

МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр залуучуудын хот хэмээн нэрлэгдэх аж үйлдвэрийн томоохон төв Дархан-Уул аймагт ажиллаж байна. Улаанбаатар хотоос (авто машинаар) ирсэн Ардын намын дарга М.Энхболдыг иргэд, сонгогчид халуун дотно угтан авлаа. Баяр хүргэж, амжилт хүссэн олны цуваа соёлын ордны гадна талд дүүрэн байв. Танхимд дарга, нэр дэвшигчид орж ирэхэд заал уухайлан дэмжиж, алга ташин угтан авлаа. Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ тэрээр Монгол орны өнцөг булан бүрт сонгуулийн сурталчилгаа өндөрлөх тийшээ хандаж буй энэ цаг мөчид Дарханчууд та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Уулзалт арга хэмжээнд танхим дүүрэн хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа хэмээн талархал илэрхийлэн уулзалтыг эхлүүлээ. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг товч танилцууллаа. Түүнийг товчлон хүргэвэл бид эдийн засгийн хямралыг даван туулах "Мэргэжлийн Засгийн газар" байгуулна. Богино хугацаанд эдийн засгийг сэргээн тогтворжуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ. Залуу гэр бүл, 18 хүртэлх насны 4 ба түүнээс олон хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд орон сууцжуулах бодлого баримтална. Баян, ядуугийн ялгааг бууруулж, чинээлэг давхаргыг нэмэгдүүлнэ. Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогыг бүх салбарт баримтална. Төсвийн үр ашиггүй, тансаглалын зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжүүлнэ. Төсвийн нэгдмэл байдлыг ханган, төсвийн гадуурх санхүүжилтийг зогсоон. Монголбанкны хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр, Хөгжлийн банкны Чингис, Самурай бонд болон бусад зээлийн зарцуулалтыг дүгнэж, зориулалт бусаар ашигласан, хугацаа хэтэрсэн зээлийг буцаан төлүүлнэ.Төрийн ажлыг гүйцэтгээд санхүүжилтээ авч чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд мөнгийг нь олгоно. Төмөртэй, Төмөр Толгой зэрэг ордуудыг түшиглэн Дархан, Сэлэнгийн бүсэд хар төмөрлөг, металлургийн үйлдвэрлэлийг дэмжинэ гэв. Иргэд сонгогчид МАН-ын мөрийн хөтөлбөрийг хариуцлагатай судалсан, бидний амьдралд ойрхон биелэх бүрэн боломжтой баримт бичиг болжээ. Түүнийг хэрэгжүүлэх эрхээ авахыг хүсье. Бид дэмжиж байна. Дөрвөн жил амьдралаараа мэдэрсэн бид сонголтоо зөв хийнэ.  Улс орноо сэргээн босгож байсан туршлага ч, түүх ч МАН-д бий, Та бүхэнд амжилт хүсье гэлээ. 

Сонгуулийн штабаас мэдээллээ.