Цэцээ гүний оргил нь цэн цэнгийн бороотой...

2016/06/21 12:27 6122

                           “Гагцхүү... Монгол Ардын нам л Монголыг аварна”

Энэ хүн ширээ сандлын төлөө тулалдаанд Ура хашгиран сэтгэлдээ сэлэм эргүүлэн орж байгаагүй ч гэлээ олон түмний эрх ашгийг хамгаалж, “дотоодын болон гадаадын” дайснуудтай улстөрийн тавцан дээр илдний ирийг эмтэртэл цавчилдан эрийн чадал зэвсгийн хурцийг шалгаж явсан өдөр цөөнгүй.

Ялахын бахархал, ялагдахын гутамшгийг үзсэн ч сэтгэлээр унан толгой ганзагалж явсангүй. Ял, зэмлэл хоёрын аль алиныг сонсохдоо тэр бусдаас буруу эрж, ханилж явсан нөхдөө хажуудах халгайруу түлхэж гомдоосонгүй. МАН хэмээх олон зуун мянган цэрэгтэй армийг нэгэн тугийн дор нэгтгэн, араасаа дагуулсан цэргийн том жанжин тэрбээр алах ял оноосон ч амь гуйж сөхрөхгүй, алдрын титмээр шагнуулсан ч алга тосон баярлаж хөөрөхөөргүй бодь нэгэн ертөнц бөлгөө. Цагийн салхин хаашаа ч эргэсэн  мань эр нөхрөөсөө уйдаж, нөхдөөсөө урваж, нэр алдраа шороотой хутгасангүй. Хамгийн гол нь ямар ч үед байдгаараа, нэг л зангаараа байдагт нь жирийн хүмүүс төдийгүй өрсөлдөгч хийгээд дайснууд нь хүртэл түүнийг хүндэтгэдэг. Сайн мууг бишгүй дээ л нэг дуулж, багагүй гүжирдүүлж, гүтгүүлсэн ч хууль цагдаагийнхан нэг ч зохиомол хэргийг нь баталж нотолсон нь үгүй. Том эрх ашгийн төлөө толгойгоо тавин зүтгэж, том ажлын ар дээр гарч баймаажин олон түмнээс талархал хүлээж, таашаал хүртдэг энэ хүн бол Монгол Улсын 24 дэх Ерөнхий сайд Миеэгомбын Энхболд хэмээх эрхэм.

Дуу цөөнтэй, духаараа тонгойж хардаг энэ эрийг зарим хүмүүс сэтгэлийн хөөрөл багатай, хатуухан хэлбэл, дотуур тамиртай гэж шүүмжилдэг ч энэ зан нь хэнд ямар гай болсныг хэлэх хүн байдаггүй. Хотын дарга захирагч байхдаа нийслэлийн төсвийг улсад төвлөрүүлэхийг болиулж, хот өөрөө захиран зарцуулдаг эрхтэй болсноор Улаанбаатар хот ᠌᠌᠌᠌᠌᠌”Уулс тийшээ хаяа тэлж, үүлс дээшээ дээвэр тултлаа” хөгжих их бүтээн байгуулалтын он жилүүд эхэлсэн гэдэг. Ерөнхий сайд байхдаа цалин, тэтгэврийг гурав дахин нэмэгдүүлж, Улаанбаатар хотыг хатуу замаар аймгуудтай холбох шийдвэрийг анхлан гаргаж, эхний ээлжинд 540 километр замыг ашиглалтад оруулсан нь тухайн үедээ хол, ойрын хүмүүсийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн түүхтэй. Мөн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхэд бүрийн гар дээр 10,000 төгрөг тавьж, амьтны алаг үрийг баярлуулсан.

Богд хан уул тойрсон их бүтээн байгуулалт буюу Хөшгийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудал, 154 км хөндлөн төмөр зам, Төв аймгийн төвд барьж буй Монголдоо хөдөө орон нутагт нэг номерт орох Монгол туургатны үлгэр жишээ театрыг мөн л энэ хүн санаачлаж эхлүүлсэн. Түүнээс гадна Буман нарны гэрэл төсөл хэрэгжүүлж хэдэн зуун мянган айл өрх, олон зуун сум суурин газар хот тосгон албан байгууллагыг гэрэлтүүлж гийгүүлсэн буянтан, соён гэгээрүүлэгч билээ.

Эрхэм уншигч та бүхнийг чилээхгүйн тулд би түүний хийсэн бүтээсэн ажлынх нь дээр дороос хоёр гуравхныг бичив. Эрдэм ухаанаас гадна төрийн алтан жолоог хүн чанараараа түшдэг энэ хүн бол Чингис хааны хамгийн ойрын цагаан ястай үр удам, Монголын төрийг таван зуугаад жил барьсан Хиад боржигины гал голомтон дээр төрсөн, эдүгээ цагийн нүүрэн дээр төрийн хамгийн өндөр албан тушаалд тохоон томилогдсон боржигин овогтон билээ.

Одоо л санаж сэрэхгүй бол, оройтно. Дараачийн сонгууль гэж байхгүй. “Гагцхүү Монгол Ардын нам л Монголыг аварна” өөр гарц байхгүй. Хажуу дахь нөхдөдөө байтугай хаа холын танихгүй хүмүүст ч нөмөр түшигтэй “сайн хүний үр, сүүтэй гүүний унага” энэ хүнийг олон мэргэд сайчуулын дотроос онцгойлон дэмжиж байгаадаа миний бие бахархалтай байна. М.Энхболд дарга сонгууль бүрээр бусад нөхдөө дэмжин тэднийг тойрч явсаар өөрийнхөө тойрог дээр ч очиж амжилгүй явсаар сонгууль эхлүүлдэг намын дарга хүний зовлонг цөөнгүй жил амссан. Хэдий тийм ч тэрбээр Богд Дүнжингарав уулын ар дээр ч, өвөр дээр ч, босоо чигээрээ олны итгэлийг дааж яваа төрийн дархан түшээ билээ.

Дүнжингаравын оргил нь хө

Дүүрэн цагаан сартай

Богд эзний адисласан

Бодь чулуун суврагатай

            Түшээ гүний оргил нь хө

            Төрийн дархан зарлигтай

            Амьд бурхад хурсан

            Ариун бумбын рашаантай

Төрхурахын ам нь хө

Төгрөг цагаан сартай

Хан, ван тэргүүтэй

Хаад, ноёдын чуулгантай

            Харанхуй шөнө ч гэгээтэй

            Хан дөрвөн уул минь

            Халуун зүрхний минь хайр

            Хатан Туулын ус минь уу

 

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч,

Соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын ДОГМИД

Эх сурвалж: news.mn сайт