Тайландын Вант Улc, Бүгд Найрамдах Сингапур Улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2016/04/23 09:06 2412

Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож буй Тайландын Вант Улc, Бүгд Найрамдах Сингапур Улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд, Тайландын вант Улс,  Бүгд Найрамдах Сингапур Улсын парламентын төлөөлөгчид та бүхэнтэй уулзан танилцаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад Тайландын парламент ач холбогдол өгч, төлөөлөгч та бүхнийг илгээсэн явдалд би Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье хэмээв.

Тэрээр, парламент хоорондын шууд харилцаа, хамтын ажиллагаа бол улс орны гадаад харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй гэдгийг цохон тэмдэглээд худалдаа, эдийн засаг, улстөр, дипломатын бүхий л харилцааны эрх зүйн зохицуулалтыг хууль тогтоох байгууллага парламент тогтоож байдаг нь хоёр орны парламентууд хууль эрх зүйн орчиндоо зөв зүйтэй зохицуулалтыг сайтар тусгаж чадвал харилцаа, хамтын ажиллагаа өргөн дэлгэр хөгжих сайхан нөхцөл бүрдэх болохыг онцолсон юм. 

Улсын Их Хурлын дэд дарга, 40 гаруй жилийн тэртээ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улс, Тайландын Вант Улсын харилцаа олон улсын харилцааны нийтлэг зарчимд тулгуурлан тогтвортой хөгжиж, найрсгаар хамтран ажиллаж ирснийг дурдаад хууль тогтоох дээд байгууллагууд хооронд ажил хэргийн харилцаа тогтож, хамтын ажиллагаа эрчимжиж байгаад таатай буйгаа илэрхийлэв.

 

Тайландын вант Улсын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Сонгкитти Жаггабатара цаг гаргаж хүлээн авч уулзаж буй Улсын Их Хурлын дэд даргад талархал илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эрх зүйн орчныг шинэчлэх, холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах зэрэгт  Тайландын парламент Засгийн газартаа дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг дуулгасан. 

Уулзалтын үеэр талууд Тайландын Эрхэмсэг гүнжийн ивээл дор хэрэгжиж байгаа “Сургуулийн үдийн цай” хөтөлбөр, бүс нутагт хэрэгжиж байгаа төслүүдийн талаар болон эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.  

Зүүн Өмнөд Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын гол зорилтын нэг бөгөөд Монгол Улс Сингапур Улстай харилцах харилцаанд ихээхэн ач холбогдол өгч, хоёр улсын хууль эрх зүйн орчны зөрүүтэй байдлыг арилгах талаар санаачилга гарган ажилладаг гэдгийн онцлоод бидний өнгөрсөн хугацаанд хөгжүүлж ирсэн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бүхий л боломжийг ашиглан хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

 

Мөн эрдэс баялаг, эрчим хүч, уул уурхайтай холбоотой дэд бүтэц, боловсрол, мэдээллийн технологи, банк санхүү зэрэг үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах нөөц, боломж их байгааг цохон тэмдэглэсэн юм. 

Бүгд Найрамдах Сингапур улсын  парламентын төлөөлөгчид Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохыг урьсан явдалд талархлаа илэрхийлээд 5 жилийн өмнө Ази, Номхон далайн парламентчдын 19 дүгээр чуулга уулзалтад оролцохдоо анх танай улсад ирж байсан. Хоёр орны харилцааг бүхий л талаар түүний дотор эдийн засаг, худалдаа, санхүүгийн асуудлаар харилцаагаа улам хөгжүүлж, бэхжүүлэх сонирхолтой байгаагаа тэд илэрхийллээ. 

 

Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад идэвхтэй оролцож хурлаас гарах шийдвэрт өөрсдийн санаа бодлоо тусган ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Тайландын Вант Улc болон Бүгд Найрамдах Сингапур Улсын парламентын төлөөлөгчдөд амжилт хүслээ.

Ж.Жаргал