МОНГОЛ АРДЫН НАМЫН БАГА ХУРЛЫН IV ХУРАЛДААНД МОНГОЛ АРДЫН НАМЫНДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ТАВЬСАН УЛС ТӨРИЙН ИЛТГЭЛ

2016/04/20 09:53 3497

 

МАН-ЫН БАГА ХУРЛЫН IV ХУРАЛДААНД МАН-ЫН ДАРГА
М.ЭНХБОЛДЫН ТАВЬСАН УЛС ТӨРИЙН ИЛТГЭЛ

Намын Бага хурлын эрхэм гишүүд ээ!


Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж, ажил үйлс нь өөдрөг, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Өнөөдөр Та бид намынхаа, цаашлаад улс орныхоо ойрын дөрвөн жилийн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, Монгол Улсын хөгжлийн зам мөрийг тэгшитгэх арга хэмжээний талаар хэлэлцэх гэж байна.


Бид хамтдаа шинжлэх ухаанч, судалгаа, шинжилгээнд суурилсан, амалсан бол ажил хэрэг болгох, хариуцлагатай, хямралаас гаргах, алсыг харсан мөрийн хөтөлбөрийг ард түмэндээ хүргэнэ. Үүний тулд Монголын эдийн засаг, нийгэм, улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд нухацтай үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилтоо оновчтой тодорхойлох ёстой.


Та бид өмнөх Бага хурлуудаар улс орны нөхцөл байдлын талаар хэлэлцэж, эрх баригчдад алдаа завхралыг нь анхааруулж, сануулж байсан ч эдийн засгийн уналт гүнзгийрч, нийгмийн тулгамдсан асуудлууд ужгирч, улс төр улам ээдрээтэй болсоор байна.
Энэ талаар Та бид илэн далангүй ярилцаж, нөхцөл байдлыг шинжлэн дүгнэх нь манай нам чухамхүү ямар гарааны шугамнаас энэ удаагийн улс төрийн сонгуульд оролцох гэж байгаагаа дахин нэг тунгаахад хэрэг болно гэж бодож байна.

Монгол Улсын ард иргэд, сонгогчид Монгол Ардын Намаас гурван асуултын хариултыг хүлээж байгаа.
Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж дүгнэж байгаа,
Хоёрдугаарт, Энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ? Ямар арга зам байна вэ?
Гуравдугаарт, Манай нам сонгуульд ялалт байгуулбал хэрхэн ямар зарчмаар ажиллах тухай юм. Эдгээр асуултад намын даргын хувьд хариулахыг хичээе.


Нэг. Улс орны эдийн засаг, нийгмийн болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд өгөх үнэлэлт дүгнэлт
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, өрийн дарамт санаа зовоож байна.


Сүүлийн дөрвөн жилд эрх баригчдын явуулсан алдаатай бодлогын уршгаар Ази тивд гайхагдаж байсан Монголын эдийн засгийн өсөлт тэг зааж,
бүс нутгийн хөгжиж буй орнуудаас сүүл мушгих боллоо. Эдийн засгийн хямрал улам гүнзгийрч, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хүрээ их хэмжээгээр хумигдсаар байна.
Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын төсөөллөөр энэ онд манай эдийн засагт өсөлт гарахгүй төлөвтэй байна. Төсвийн орлого гурван жил дараалан нэг их наяд төгрөгөөр тасарч энэ хэрээр төлөвлөсөн бүх ажил, хөрөнгө оруулалт зогсож, улсын төсөв их хэмжээний өртэй боллоо. Үндэсний мөнгөн тэмдэгт монгол төгрөг үнэгүйдлээ. Монголбанк их хэмжээний цаасан мөнгө хэвлүүлж тарааснаас төгрөгийн ханш 2012 оны зургадугаар сартай харьцуулахад 50 гаруй хувиар унав. Арилжааны банкуудын хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ 1.9 их наяд төгрөг болж хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 2.2 дахин өссөн нь банк санхүүгийн салбарын эрсдлийг нэмэгдүүллээ.
Үйлдвэрлэл, худалдаа, эдийн засгийг идэвхжүүлж, дотоод нөөц бололцоогоо ашиглахын оронд Чингис, Самурай, Дим Сам, Хөгжлийн банкны бонд зэрэг янз бүрийн чамин нэртэй богино хугацаатай, өндөр хүүтэй зээл, бонд гаргаж, өр тавихыг урьтал болгосон. Засгийн газар өр тавьж босгосон 7.0 тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг эргэн төлөгдөх боломжгүй, үр ашиггүй зүйлд зарцуулснаар улс орноо өрийн дарамтад орууллаа.


Ардын Засгийн үед авч зарцуулсан 11 тэрбум ам.долларын зээлээр ард түмнээ эрүүлжүүлж, ардын боловсролыг хөгжүүлж, атар газар эзэмшиж, асар их бүтээн байгуулалт хийснийг түүх гэрчилнэ. Энэ “Их өр”-ийг эцэслэн шийдэж, тэгэлсэн. Харин энэ Засгийн үед Монгол Улс түүхэндээ анх удаа 22.4 тэрбум ам.долларын өр тавьсан боловч өндөр өртөгтэй авто зам тавьж, замын уулзвар өргөтгөн, зарим нэг үйлдвэрийн төслийг эхлүүлснээс өөр олигтой үр дүн гаргасангүй. Монгол Улсын нэг хүнд ноогдох Засгийн газрын өр 6.0 сая төгрөгт хүрлээ.
Монгол Улсын зээлжих зэрэглэл эрс буурч, Засгийн газар, томоохон банк, компаниуд гадаадын зах зээл дээр хөрөнгө босгоход нэн хүндрэлтэй байна. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаад байна. Манай үндэсний бизнесменүүдийн төрд итгэх итгэл хөсөрдөж, эдийн засгийн хямралаас болоод 62 мянган аж ахуй нэгж үүд хаалгаа барьсан байна. Ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд мөнгөний хомсдолд оржээ. Манай нэг эдийн засагч эрдэмтний онож хэлснээр, Монголын эдийн засаг “граммын эдийн засаг” болжээ.
Үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ нь хэдэн мянган тонн, хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигддэг, өөрөө өөрийгөө тэтгэдэг байсан эдийн засаг эрс хумигдаж, иргэд талхаа таллаж, төмс, ногоогоо ширхэглэж, ургамлын тос, цагаан будаагаа граммлаж авдаг боллоо. Мөнгө, санхүүгийн хомсдолд орсон компаниуд бартерын, бараа солилцоо хийдэг тогтолцоонд ороод байна.
1990-ээд оны эхэнд л ийм байсан шүү дээ.


Монголчууд бидний найдвар тавьж байсан Таван толгой зэрэг том төслүүд зогсож, урагшлахаа болилоо. Энэ нь эрх баригчдын үйл ажиллагаанаас, ялангуяа Ардчилсан намын дотоод зөрчилдөөнөөс болж байна. Малчдын орлого эрс буурч, тэдний маргаашдаа итгэх итгэл алдраад байна. Хөдөө аж ахуйн салбар гэхэд манай ДНБ-ний 18-20 хувийг бий болгодог үндэсний гэж хэлж болох салбар юм. Хөдөө аж ахуйн салбарт бодлогын өөрчлөлт хийж, ахиц гаргах хэрэгтэй.


Газар тариалангийн салбар ч туйлын хүнд байдалд ороод байна. Жишээ нь хэдхэн хоногийн дараа тариалалт эхлэх гэж байхад 18-20 мянган тонн үрийн будаа хаанаас авахаа мэдэхгүй байдалтай байна. Газар тариалангийн үр шим өгөөжийг хүртэх асуудлыг хавар эртнээс ярих ёстой. Ноднин энэ асуудлаа шийдэж чадаагүйгээс болж ургац алдсан. Гэтэл Засгийн газар буруугаа байгаль цаг агаарт тохоод өнгөрсөн.
Нийгмийн тэгш бус байдал гүнзгийрч, ядуурал нэмэгдэж байна.


Эдийн засгийн хямрал гүнзгийрснээр ажилгүй, орлогогүй иргэд олширч, ядуурал нэмэгдэж байна. Шинээр ажлын байр нэмэгдээгүй, ялангуяа тогтвортой орлоготой ажлын байр буурснаас ажилгүйдэл өсч байна. 2008-2012 онд жилд дунджаар 30 мянган ажлын байр шинээр бий болж, ажиллагсдын тоо 174 мянган хүнээр өссөн бол энэ үзүүлэлт өнгөрсөн дөрвөн жилд 4.2 дахин буурчээ. Мөн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн хоёр хүн тутмын нэг нь ажилд орж байсан бол өнгөрсөн онд таван хүн тутмын нэг нь ажилтай болсон байна.


Өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчид иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргаанд нь дэмжлэг болохоор нийгмийн халамж, үйлчилгээг сайжруулах дорвитой арга хэмжээ авсангүй. Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд төрийн зарим албан хаагчдын цалин, өндөр настны тэтгэврийг 8-10 орчим хувиар ганцхан удаа нэмэгдүүлсэн нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс 3-4 дахин хоцорч байна. Үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт цалин, тэтгэврийг үнэгүйдүүлж, ард иргэдийн амьдрал доройтсоор байхад Үндэсний статистикийн хороо 2014 оны байдлаар ядуурлын түвшин 21.6 хувь болж 2012 онтой харьцуулахад 5.8 пунктээр буурсан гэсэн илт худлаа мэдээлэл гаргаж байгаад иргэд, олон нийт бухимдалтай байна. Өмнөх дөрвөн жилтэй харьцуулахад өрхийн амьжиргаанд жижиг бизнесийн оруулж байгаа хувь нэмэр 60 хувиар буурлаа. Айл өрх хувиараа бизнес эрхлэн амьжиргаагаа авч явах боломж нь улам хумигдаж байна.


Ажиллагсдын 50 орчим хувь нь 1.4 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй, өндөр настны 86 хувь нь 425 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ оны дөрөвдүгээр сард явуулсан судалгаанд хамрагдагсдын олонхи нь цаашид ажил хөдөлмөр эрхэлж орлого олох найдваргүй болж, ирээдүйдээ итгэх итгэл нь алдарсан байдалтай байна. Эрүүл мэнд, спортын яамны удирдлага эзгүйрч, эмнэлгийн тусламж, иргэдээсээ холдож, үйлчилгээний хүртээмж муудав. Нийслэл Улаанбаатар хотод төрөх эмнэлэг ачааллаа дийлэхгүй байдалтай байна. Урьдчилсан сэргийлэх бодлого алдагдсанаас иргэдийн дунд өвчлөл ихэсч, хорт хавдар, халдварт өвчний тархалт нэмэгдлээ. Ялангуяа “Улаан бурхан” өвчний тархалт нэмэгдэж, зогсоож чадахгүй байгаад санаа зовинож байна. Манай нам Засгийн эрх барьж байх үед Ази тивийг түгшээж байсан онц аюултай “Шувууны ханиад”-ын дэгдэлтийг шуурхай арга хэмжээ авснаар хохирол багатай давж байсан туршлага бий.

Боловсролын салбарын шинэчлэл нэртэй ажил нь үр дүн муутай, багш нарын ажилд хүндрэлтэй байгааг салбарын ажилтнууд шүүмжилж байна. Сурах бичгийн чанар, агуулга муу, алдаатай гарах болсон нь хүүхдэд мэдлэг олгоход тус болохоос ус болох нь их болжээ. Цэцэрлэгийн насны хоёр хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, хот суурин газарт анги дүүргэлт хэрээс хэтэрч, гурван ээлжээр хичээллэдэг сургуулиуд олон байна.

Гадаадад сурч сайн боловсрол эзэмшсэн, тэнд ажиллаж байсан залуучууд Монголдоо ажиллаж амьдрахаар сайхан мөрөөдөл тээж ирж байсан бол өнөөдөр эх орноо орхин ажлын байр хайж, амьдралаа бодон гадаад руу “зугтаж” эхэллээ. Монголчууд бид тэр үед улсаараа урагшаа нэг алхаж байсан бол одоо хойшоо хоёр алхам ухарлаа. Ажилгүй гурван хүний нэг нь дээд боловсрол эзэмшсэн залуучууд байна. Дэлхийд ийм гайхширмаар тоо баримт бараг байдаггүй биз ээ. Үнэндээ залуус маань хамгийн ихээр хэлмэгдэж байна. Тэдэнд суралцах санхүүгийн боломж хомс байна. Суралцаад төгссөн ч ажлын байр олдохгүй байна. Орлогын эх үүсвэргүй болохоор орон сууцтай болно гэдэг нь хоосон мөрөөдөл болон хувирч байна.


Ахмадуудын маань тэтгэвэр тун бага, дээр нь тэтгэврийн зээл, хүүгийн дарамт тэдний сэтгэлийг зовоож байна. Улс орны өнөөгийн байдал, эрх баригчдын хүйтэн хөндий хандлага ахмадууд сэтгэл хангалуун, тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй байна. Манай улсад байгаль орчны асуудал харанга дэлдсээр байна. Бидний бахархдаг унаган байгаль маань эрс доройтлоо. Цөлжилт, хуурайшил, усны хомсдол бидний газар нутгийг метр метрээр “эзэлсээр” байна. Улаанбаатар хот болон бусад төв суурин газрууд хөрсний бохирдол ихтэй утаа угаарт дарагдсан байдалтай байгаа нь тулгамдсан асуудал боллоо.


Засаглалын чадавхи илт суларч, хуулийг “гууль” болгох нь хэвийн үзэгдэл болжээ.


Өнгөрсөн дөрвөн жилд төрийн гүйцэтгэх засаглалын чадамж эрс суларсан нь Засгийн газрын байгууллагууд Үндсэн хуулиар хүлээсэн хуулийн хэрэгжилтийг хангах үүргээ биелүүлж чадахгүйд хүргэж байна. Энэ нь төрийн мэргэшсэн албан хаагчдыг намын харьяаллаар олноор нь хоморголон халж, төрийн албыг төрлийн алба болгосноос үүдэлтэй. Төрийн албан хаагчдын цалинг дунджаар 6-11 хувь нэмсэн байхад цалингийн зардал нь 30 гаруй хувиар өссөн нь төрийн албаны бүтэц, орон тоог үндэслэлгүйгээр нэмсэнтэй холбоотой. Төрийн албан хаагчдын тоог 30 гаруй мянгаар нэмэгдүүлснээр төрийн бүтэц данхайж, хүнд суртал газар авлаа.

“Улс орныг муу хуулиар удирдаж болно. Харин “хуульгүй” түшмэдээр удирдуулж болохгүй” гэж О.Бисмаркийн хэлснийг энд сануулмаар байна.


Эрх баригчид хууль тогтоох ажиллагаанд хүч түрэх, дураар авирлах, эрхээ хэтрүүлэх замаар ард түмний төлөөлөгч байх, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх боломжийг хязгаарлах болсон нь Монголын ардчилал “дүр эсгэсэн” ардчилал болсон гэж дүгнэхэд хүргэж байна. Ийм байдлаас үүдэн УИХ-ын даргыг албан тушаалаас нь огцруулах шаардлага тавих, Үндсэн хууль зөрчсөнийг тогтоолгохоор иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандах болсон нь дээрх дүгнэлтийг баталж байгаа юм. Эрх баригчид шүүх эрх мэдлийн хүрээнд ч өөрсдийн хяналтыг тогтоохоор санаархаж байгаа нь Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг үгүйсгэсэн, үйл ажиллагааны хяналт, тэнцвэрийг алдагдуулсан ноцтой үйлдэл мөн. Сүүлийн үед Үндсэн хуулийн Цэцтэй холбогдон өрнөсөн үйл явдлууд ардчилсан бус, бүр дарангуйллын тогтолцоо бий болгоход хүргэж болзошгүйг сэрэмжлүүлж байна.


Дээр дурдсан сөрөг хандлага гүнзгийрэх аваас Үндсэн хуулийн хямралд ч хүргэх магадлалтай байгааг цаашид онцгой анхаарах нь зүйтэй. Засаглалын хямрал нь нийгэм, эдийн засгийн бодлого шийдвэрийг цаг алдалгүй, үндэслэлтэй гаргахад саад болж, өнөөгийн нөхцөл байдлыг улам доройтуулав. Энэхүү хямрал нь бодит учир шалтгаантай гэхээсээ субьектив хамааралтай байгаа бөгөөд түүнийг давахгүйгээр эдийн засаг, нийгмийн асуудлыг үр нөлөөтэй, цаг алдалгүй шийдэж чадахгүй. Манай нийгэм дэндүү шударга биш байна. Яван явсаар эх орноо худалдахаас ч сийхгүй хүмүүс бий болох нь ээ. Үүнийг одоо л таслан зогсоохгүй бол монголчууд бид олон үеэрээ тэмцэж, асар их үнээр олж авсан эрх чөлөө, тусгаар тогтнолоо ч алдахад хүрч болзошгүй байна.


Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл өнөөдөр баян чинээлэг, эрх мэдэл, албан тушаалтай, арга зальтай хүмүүсийн бүлэглэл хуулийг уландаа гишгэх байдал гаргах боллоо. Ийм л нөхцөл байдалд бид сонгуульд орох гэж байна. Ард иргэд сонгууль хүлээж, сонгуулийн дараа байдал дээрдэх байх гэж найдаж байна. Ард түмэн маань үнэхээр цөхрөнгөө барж байна шүү дээ.

Хоёр. Энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ? Ямар арга зам байна вэ?

Манай намд ард түмний их хүлээлт, найдварыг хөсөрдүүлэх эрх байхгүй.
Иймээс,
Нэгдүгээрт, хариуцлагатай, тогтвортой засаглалын бодлого хэрэгжүүлж, ард иргэд, улс орноо хямралаас бид гаргана. Засгийн газрын үндсэн үүрэг нь улс орны макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах явдал байдаг. Бид эдийн засгийн хямралаас гаргах онцгой үүргийг хэрэгжүүлэх, өндөр чадамжтай, мэргэжлийн Засгийн газар байгуулж, тогтвортой, тууштай бодлого, үйл ажиллагаа явуулна. Засгийн газар нь төсвийн үр ашиггүй зардлыг хазаарлан, хэмнэлтийн горимд шилжих, төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн төлөвлөлтийг сайжруулах нэгдмэл байдлыг хангах, төрийн байгууллагуудын ажил үүргийн давхардлыг арилгах зэргээр оновчтой бүтцийг бий болгоно.
Хоёрдугаарт, мөнгөний бодлогын хүрээнд Монголбанк хууль зөрчин, улс төрийн үйл ажиллагаанд хутгалдан орж хараат бус байдлаа алдаж, улмаар бодлогын ноцтой алдаа гаргаж байгааг нэн даруй засаж, банк санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авна. Монголбанкны “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр, Хөгжлийн банк болон бондын эх үүсвэрээс санхүүжүүлж олгосон бүх зээлийг нягтлан шалгаж, үр ашиггүй төсөл, арга хэмжээнд олгосон зээлийг буцаан төлүүлнэ. Эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарах, банк санхүүгийн салбарын хүндрэлийг даван туулах, эмзэг байдлыг бууруулах чиглэлээр олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах болно.
Гуравдугаарт, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх замаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээж, гаднын хөрөнгө оруулалтыг татах, үндэсний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бүхий л арга замыг эрэлхийлэн ажиллах болно. Ингэхдээ бизнесийн орчин дахь төрийн оролцоог багасгаж, сүүлийн дөрвөн жилд шинээр байгуулагдсан төрийн болон орон нутгийн өмчийн 200 гаруй үйлдвэрийн газрыг өөрчлөн, татан буулгана. Ингэж төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес эрхэлдэг, тэдний бизнесийг булаадаг байдлыг зогсооно.
Дөрөвт, манай эдийн засаг уул уурхайн салбар, эрдэс баялгийн экспортоос шууд хамааралтай өрөөсгөл бүтэцтэй. Эдийн засгийн бүтцийг өөрчлөн төрөлжүүлэх, тогтвортой өсөлтийг хангахын тулд хөдөө аж ахуйн салбараа тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, өмнө нь амжилттай хэрэгжиж байсан “Монгол мал”, “Атрын аян” үндэсний хөтөлбөрүүдийг дахин сэргээж, дотоодын хүнсний хэрэгцээгээ бүрэн хангана. Малаа эрүүлжүүлэхийн тулд вакцинжуулна. Газар тариалан, бэлчээрийг усжуулах зорилгоор уст цэгүүдийг илрүүлэн худаг гаргахын зэрэгцээ хур борооны ус цуглуулах сан, цөөрмүүдийг барьж байгуулна.
Бид 10-аад жилийн өмнө 12 вольтын “Буман нарны гэрэл” төсөл хэрэгжүүлж байсан. Тэгвэл одоо түүний хүчин чадлыг нэмэгдүүлэн 220 вольтын нарны гэрэл болгоно. Ингэснээр хөдөөгийн малчдын мах, сүүг эцсийн бүтээгдэхүүн болгох, үнэ өртөг шингэж борлуулах өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно. Улмаар мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн, түүхий эдэд тулгуурласан хөнгөн болон хүнсний үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бүсчилсэн хөгжлийг дэмжих зорилгоор бүсийн төвүүдэд боловсруулах үйлдвэрүүдийг байгуулна.
Тавдугаарт, аялал жуулчлалын салбарыг үндэсний зан заншил, онгон байгалийг түшиглэсэн жуулчлалын цогцолборыг байгуулж, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх замаар Монголыг зорих жуулчдын тоог эрс нэмэгдүүлнэ.
Зургадугаарт, нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөлтийг сайжруулж, эдийн засгийн болон хууль эрх зүйн орчинг шинэ шатанд гаргаж, иргэдээ байнгын тогтвортой ажилтай болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, орон сууцжуулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр иргэдийнхээ эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах баталгааг хангана. Манай намын бодлого нь нэг талаас байнгын ажил, орлоготой, эдийн засгийн хувьд аюулгүй байдал нь хангагдсан нийгмийн дундаж давхаргыг бий болгох, нөгөө талаас нийгмийн халамжийг илүү зорилтот бүлэг рүү чиглүүлэх болно. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, өсөлтийн үр өгөөжийг иргэн бүрт хүртээснээр чинээлэг дундаж давхарга зонхилсон, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг монгол хүнийг хөгжүүлсэн хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийг цогцлооно.
Монголын ард түмэн манай намыг итгэлийн нүдээр харж байна гэдгийг бид ухамсарлах ёстой. Манай нам удаа дараагийн хямралаас эх орон ард түмнээ авч гарсан. Бидний энэ туршлагад ард түмэн найдаж байгаа. Бидэнд хоёр хөрш маань итгэдэг. Бид хоёр хөрштэйгөө тогтвортой, уламжлалт сайн харилцаатай байдгаараа бахархдаг. Манай нам гурав дахь хөршүүдтэй ч сайн харьцаатай, олон асуудлыг хамтран шийдэж ирсэн билээ. Энэ бол бидний давуу тал юм. Бидэнд гадаадын хөрөнгө оруулагчид итгэдэг. Бидний эрх барьж байх үед гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа цэцэглэж байсан.


Манай намд монголын бизнесменүүд, хувийн секторынхон итгэдэг. Бидэнд олон улсын банк, санхүүгийн байгууллагын итгэл, хамтын ажиллагаа хүч өгдөг. Олон улсын Валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, НҮБ зэрэг олон улсын байгууллага манай намын Засгийн газартай хамтран улс орныг хүндрэл бэрхшээлээс гаргаж байсан. Базаад хэлбэл бидэнд “бүгд” итгэдэг. Бид итгэлийг нь хөсөрдүүлэхгүй ээ. Бид хариуцлагатай, дотроо эв нэгдэлтэй байна. Бид фракциудад хуваагдаж, албан тушаал, эрх мэдлийн төлөө үхэлдэн тэмцэхгүй, эрх ашгаа эрэмбэлж чадна.

Манай нам төрийн албанд үнэнч зүтгэх туршлагатай гишүүдтэй. Үүнтэй холбогдуулан нэг зүйлийг онцлон хэлэхэд сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газрын үндсэн чиг үүргийн яамнаас бусад сайд нар давхар дээлгүй байх болно. Улсын Их Хурал нь байгуулсан Засгийн газраа, Ерөнхий сайдаа дэмжин ажиллаж чаддаг нь манай намын зарчим, улс төрийн соёл юм.


Бид бүх салбарын удирдлагад тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, улс төр, захиргааны ажлын дадлага туршлагатай мэргэжлийн шилдэг боловсон хүчнээ томилно. Залуу боловсон хүчний эрч хүчийг мэргэжлийн, туршлагатай багаар дэмжинэ. Манай нам нийгэмд шударга ёсыг тогтооно. Улс төрийн эрүүл, шударга өрсөлдөөнийг хэвшүүлж, авлигын эсрэг хатуу бодлого баримтална. Төрийн албаны бүх түвшинд ухамсар, ёс зүйг дээшлүүлэхэд онцгойлон анхаарна. Эрх баригчид өөрсдийн явцуу эрх ашигт нийцүүлэн, хүч түрэн баталсан хууль тогтоомж, эрх зүйн актуудыг ард түмний нийтлэг сонирхлын үүднээс дахин хянан үзэж, хүчингүй болгоно.


Гурав. Сонгуулийн мөрийн хөтөлбөр, сонгуульд оролцох талаар


Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн шинэчлэлийн нэн эгзэгтэй зааг энэ үед эх орныхоо язгуур эрх ашгийг эрхэмлэн, тусгаар тогтнолын баталгаа болсон ууган улс төрийн хүчний хувьд Монгол Ардын Нам 2016 оны шат шатны сонгуульд маш хариуцлагатай бэлтгэж, амжилттай оролцох шаардлагатай байгааг Та бид ухамсарлаж байгаа. Бүтэн жилийн турш маш олон хүний хүч хөдөлмөр, оюун санаа, мэдлэг, туршлага шингэсэн, мөрийн хөтөлбөрийг боловсруулаж дууслаа. Энэхүү Мөрийн хөтөлбөр нь бидний ялалт байгуулах чухал нөхцөлийн нэг мөн.


Удирдах ажилтны зөвлөгөөн, “Бид хамтдаа аян”, “Бид хамтдаа” үндэсний форум зэрэг намаас зохион байгуулсан томоохон хурал зөвлөгөөний санал, зөвлөмжийг авч тусгасан, салбар салбарын мэргэжилтнүүдийн олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулж, иргэд, мэргэжилтнүүдийн санал зөвлөмжийг шингээсэн, цогц мөрийн хөтөлбөр боллоо. Хувийн хэвшил, үйлдвэрлэл эрхлэгчид, боловсрол, эрүүл мэндийн салбарынхан, үйлдвэрчний эвлэл, залуучуудын холбоо зэрэг нийгмийн олон салбарын төлөөлөл, мэргэжлийн холбоод, ТББ-ууд, туршлагатай эдийн засагч, судлаачид манай намд хандан мөрийн хөтөлбөрт тусгуулах саналаа ирүүлсэн нь бидэнд итгэж буйн илрэл юм.
Энэ удаагийн сонгууль нь Монгол Улсад эдийн засаг, улс төрийн хямрал нүүрлэсэн, ард олон зээлээс зээлийн хооронд амьдарч, иргэд, аж ахуйн нэгж, улс орон өрийн дарамтад орсон хүнд хэцүү үед болж байгаагаараа онцлогтой.

Иймд:
• Мөрийн хөтөлбөрийн эдийн засгийн бодлого нь нэгд, өнгөрсөн хугацаанд макро эдийн засгийн бодлогод гаргасан алдааг засаж, хариуцлагатай төсөв, мөнгөний зөв бодлого хэрэгжүүлэн эдийн засгаа хямралаас гаргах, улс орныхоо зээлжих зэрэглэлийг сайжруулж, иргэд, аж ахуйн нэгж, улс орноо өрийн дарамтаас гаргах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бизнесийн орчноо сайжруулах,
хоёрт, дотоодын зах зээлийн эрэлт, шаардлага, багтаамжид нийцүүлэн харьцангуй давуу талыг хөгжүүлэх, эдийн засгийн бүтцээ өөрчилж, төрөлжүүлэн эрчимжүүлснээр тогтвортой өсөлтийг хангахад чиглэж байна.
• Мөрийн хөтөлбөрийн нийгмийн бодлого нь нэгд, эрүүл мэнд, боловсролын тогтолцоог боловсронгуй болгосноор эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ, цэцэрлэг, сургуулийн чанар, хүртээмжийг сайжруулах
хоёрт, иргэдийнхээ ажил, орлого, бизнесийг дэмжсэнээр байнгын ажлын байрыг олноор бий болгон, өрхийн орлогыг нэмэгдүүлэх
гуравт, нийгмийн хамгааллын зохистой тогтолцоог бүрдүүлж, тэтгэвэр тэтгэмж, халамжийн шударга үйлчилгээг бий болгосноор монгол хүний хөгжил, нийгмийн сайн сайхан байдлыг хангана.
• Мөрийн хөтөлбөрийн байгаль орчны бодлогын хүрээнд байгалийн нөөц баялгийн үйлдвэрлэл, хуваарилалт, хэрэглээнд эко-системийн шинэ дэвшилтэт менежмент, инновацийг ашиглах, байгалийг нөхөн сэргээх, хамгаалахад иргэдийн идэвхтэй оролцоог хангах, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрт хүртээхэд чиглэгдсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
• Мөрийн хөтөлбөрийн засаглалын бодлогын хүрээнд хуулиа дээдэлсэн, шударга ёсыг эрхэмлэсэн, хүний төлөө ажиллах хариуцлагатай, тогтвортой засаглалыг бий болгож, ард иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээх арга хэмжээг авна.


Эрхэм журмын нөхөд өө!


УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгууль болоход хоёр сар гаруй хугацаа үлдэж байна. Та бидэнд Монгол Ардын Намын төдийгүй улс эх орны нийтлэг эрх ашиг, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын сорилтын өнцөгөөс авч үзвэл энэ удаагийн сонгуульд ялахаас өөр арга зам алга. Үүний төлөө их жанжныхаа нэгэнтээ гэрээслэн хэлснээр “...нийтийн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдлөх”-ийг уриалж байна.
Монгол Улсаа аврах цаг боллоо. Эв нэгдэлтэй, чиглэсэн зорилготой, чин эрмэлзэлтэй байж, цуцалтгүй зүтгэвээс эдийн засгаа хямралаас, улс орноо өрөөс гаргаж, иргэдээ ядуурлаас, төрөө дампуурлаас аварч чадна.
Манай намд улс орноо хүнд байдлаас аварч байсан туршлага бий.


Бид хэрэлддэггүй, харин хийж бүтээдэг гэдгээ ард түмнийхээ өмнө нотолсон билээ.


Төрийн нуруу түвшин, түмэн олон амгалан байг!
Анхаарал хандуулсанд баярлалаа.