МЭНДЧИЛГЭЭ

2015/12/02 11:07 2101

Монголын сэтгүүлзүйн түүхэнд “Үндэсний хэмжээнд түгэн тарсан анхдагч сонин” хэмээн батламжлагдсан сэтгүүлзүйн салбарын анхдагчдын нэг Монгол Ардын Намын төв хэвлэл “Монголын үнэн” сонин үүсгэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баярын мэндийг “Үнэн” сонины үе үеийн сэтгүүлч, сурвалжлагчид, ажилтан, албан хаагчид болон нийт уншигчдадаа хүргэн мэндчилье!

“Монголын үнэн” сонин бол өнөөгийн мэргэжлийн сэтгүүлчдийг бэлтгэх хөрс суурь болсон, араасаа “Залуучуудын үнэн”, “Улаан од”, “Хөдөлмөр” зэрэг олон арван хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дагуулсан ууган хэвлэлийн байгууллага юм. Энэ утгаараа “Үнэн” сонины 95 жилийн ой бол Монголын хэвлэл мэдээллийн салбарын баяр болж байна гэж хэлэх үндэстэй. Монгол улсын сонин хэвлэлийн түүхэнд 220 мянган хувь захиалан уншиж байсан хэвлэл “Монголын үнэн” сониноос өөр байхгүй билээ. Энэхүү үүссэн он цаг, хэвлэгдэн гарч байсан захиалагчийн тоо зэргээс гадна Монголын улс төр, нийгмийн амьдралд “Үнэн” сонины гүйцэтгэсэн үүрэг асар их юм. 1980-аад оны сүүлчээр “Үнэн” сонинд гарч байсан олон нийтлэлүүд, тухайлбал, Г.Жамцын “Эх орны ногоон хэрэм сэглэгдэж байна”, Ц.Балдоржийн “Далай ээж цаазын тавцанд” гэх зэрэг хурц, дайчин нийтлэлүүд нийгмийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлж байв. Ардчиллын салхи энэ үед “Үнэн” сонины хуудсуудаар Монголын өнцөг булан бүрт сэвэлзэж, улс орны хувьд далд байсан олон мэдээллийг ил болгон бичиж эхэлснээрээ нийгэмд асар их улстөрийн зориг авч ирснийг бид мэднэ. Зүүн Европ болон ЗХУ-д өрнөж байсан өөрчлөн байгуулалтын талаарх мэдээллүүд “Үнэн” сонины хуудсаар монголчуудад хүрч байсан билээ.

Монголчуудын тархи, оюун санаанд сэтгэлгээний тэсрэлт авчирсан энэхүү хурц, хүчтэй нийтлэлүүдээрээ “Үнэн” сонин ардчиллын анхны дуу хоолой болсон гэж хэлж болно. Энэ үед Монголд дөнгөж бий болж байсан чөлөөт, ардчилсан хэвлэл мэдээллийн үүсэлд ч “Үнэн” сонин нийтлэлийн бодлогуудаараа үлгэр үзүүлж, зам заагч болсон юм. “Үнэн” сонины чадал чансааг илтгэх өөр нэг зүйл нь энэ байгууллагаас ажил амьдралын гараагаа эхэлж, энэ сонины хуудсаар олонд үгээ хүргэж, танил болсон олон арван сэтгүүлзүйн алдартнууд, улс төр нийгмийн зүтгэлтнүүд юм. Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, сайд дарга нар, хэвлэл мэдээллийн салбарын мэргэшсэн магнатууд гээд олон арван алдартнуудын өнгөжиж дэвжих, өөдөлж гялалзах анхны гараа нь “Үнэн” сонин болж байв.  

Өнөөдрийн улс орны байдал тийм сайн биш байна. Эдийн засаг хямралтай, хүнд хэцүү энэ цаг үед “Монголын үнэн” сонин урьдын адил Монгол түмэндээ эрч хүчтэй, шуурхай, хурц нийтлэлүүдээ тасралтгүй бичиж, уншигчдад бодит мэдээллийг цаг алдалгүй хүргэх нийгмийн өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлнэ гэдэгт итгэж байна. Мэдээлэл мөнгөнөөс үнэтэй болсон энэ цаг үед уламжлалт аргаа мэдээллийн технологийн дэвшилтэй уялдуулан шинэ үеийн хэрэглэгчдэд зориулж хэвлэмэл мэдээллээс гадна онлайн, мобайл төрөл бүрийн чанартай, хүртээмжтэй контент бэлтгэн нийлүүлэх нь чухал байна.

Мөн өнөөдөр сэтгүүлч, сурвалжлагчид улам чадваржиж, сэтгүүлзүйн бүх төрөл зүйлээр, бүхий л техник хэрэгслийг ашиглан мэдээ мэдээлэл бэлтгэдэг мултимедиа сэтгүүлчид бий болж эхэлснийг “Монголын үнэн” сонин ч анхаарч, хүний нөөцийн бодлогодоо тусган, ажилтнуудаа сургаж, чадваржуулах ажлыг энэ чиглэлээр хийж, хэвлэлийн салбарын шилдгүүдийг бэлтгэж ирсэн уламжлалаа  хадгалаасай гэж хүсэж байна.

Ингээд тусгаар Монгол улсынхаа 100 орчим жилийн түүхийг бичиж яваа “Монголын үнэн” сонины хамт олонд ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 

Үзэгнийхээ хошуугаар үнэнийг зурж байдаг Та бүхний үйлс бүтээл өнөд дэлгэрэг!

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА

 МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

 

2015 оны 11 дүгээр сарын 10                                                                  Улаанбаатар хот