УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Батсуурь, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын төлөөлөгчид Хятадын Коммунист намын урилгаар энэ сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Хятадын коммунист намын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юүн Шань МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчдийг гуравдугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзсан юм.
Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Монгол орны нийгэм, эдийн засаг, ажил амьдралтай холбоотой хоёр асуудлыг судлан үзэхийг хүссэн ба үүнд нэгдүгээрт, Монгол Улсын нийт хүн амын 40-50 хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн байдалд хүрээд байна. Хүрэн нүүрснээс хий гаргаж хэрэглээ болгон дэлгэрүүлэх, орон сууцны хангамжийг сайжруулах зайлшгүй шаардлага үүсч байна. Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах манай намын зорилго дундаж амьжиргаатай өрхийн тоог нэмэгдүүлэх ХКН-ын үзэл баримтлалтай утга агуулгын хувьд ижил байна. Хоёрдугаарт Монголын олон иргэд мал аж ахуй эрхэлдэг. Махны экспортын талаар хаа хаанаа нэлээд ярж байгаа хэдий ч малчдын амьжиргааны асуудлыг иж бүрнээр нь харж, шийдвэрлэж хараахан чадахгүй байгаа. Өнөөдөр Монголд нэг ширхэг хонины арьс 0.25 ам.доллартай тэнцэхээр байгаа нь малчны гаргаж байгаа бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд дэндүү хямд байгаагаас амьжиргаа нь сайжрахгүй байна. Иймд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлэх, өртөг шингэсэн болгох, боловсруулалтыг сайжруулах шаардлага мөн үүсээд байгаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хоёр талын компани, бизнесийн байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаасай гэж хүсч буй бөгөөд Хятадын талын дэмжлэг ч бидэнд чухал байгаа талаар онцлон тэмдэглэлээ. МАН-ын даргын саналыг Хятадын тал нааштайгаар хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.
Мөн уулзалтын үеэр Хятадын коммунист намын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юүн Шань Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын коммнуист намын урилгыг хүлээн авч албан ёсны айлчлал хийж байгаад талархал илэрхийлэн он удаан жилийн түүхтэй Монгол Улс болон БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа энэ удаагийн айлчлалаар улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаа бөгөөд өөрийн дотно хөрш Монгол Улсын тавьсан санал санаачилга бүрт БНХАУ нааштай хариу өгч ирснийг түүхийн шаргал хуудас гэрчилнэ хэмээн тэмдэглэлээ.