Миний бие нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байх үед нийслэл хотынхоо түүх, соёлын өвийг судалж, сэргээх талаар хийсэн ажлын нэг нь нийслэл хот анх үүссэн болон нүүж, суурьшиж байсан газруудыг сурвалжлан олж тогтоох, түүхийг баримтжуулсан хөшөө, дурсгал босгох ажил байлаа.
1999 оноос Монгол Улсын нэрт газар зүйчид, түүхчид, эрдэмтэн судлаачид оролцсон судалгааны баг ажиллуулж, 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг өргөмжилсөн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээ Цагаан нуур гэдэг газарт нийслэл хот Хутагтын хүрээ нэртэй анх байгуулагдан ёслол үйлдсэн болохыг тогтоож гэрэлт хөшөө босгосон бөгөөд нийслэлийн ойн өдрөөр жил бүр ёслол хүндэтгэл үзүүлж байхаар тогтсон юм.
Нийслэл хотын анхны суурь Ширээ Цагаан нуурт тавигдсанаас хойш 15 удаа нүүн суурьшиж байсан газруудад нь 2003 онд дурсгалын хөшөө босгож, түүхийн жимээр аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр боловсруулсан билээ.
Ийнхүү Хутагтын хүрээ нэртэй байсан манай орны гал голомт 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөөнөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хөндий гэгдэх энэ газарт суурьшин төвхнөж Их Хүрээ хэмээн нэрлэгдэж байгаад 1924 онд Улаанбаатар хот болсон түүхтэй. Тэр цагаас хойш нийслэл хот маань өргөжин тэлж, өнгөжин жавхаажиж, үүлс дээшээ дээвэр тулсан, уулс тийшээ хаяа тулсан улсын нийслэл болж хөгжсөн билээ.
Улаанбаатарчууд бид хүрээ соёл, хүүхэд залуусын боловсрол, хүмүүжлээрээ үлгэрлэж, нийслэл хотдоо амар тайван, зөв боловсон аж төрөх, нийтлэг ёс зүй, дэг жаягийг эрхэмлэн дээдлэж, хотын иргэн хэмээх нэр алдраараа бахархан ирээдүйдээ итгэлтэй, инээмсэглэл дүүрэн, эрүүл орчинд сэтгэл хангалуун амьдрах учиртай.
Төрөлх хот маань өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж, оршин суугчдын ая тухтай амьдрах тааламжтай нөхцөл бүрдсэн орчин үеийн иж бүрэн орон сууцны шинэ хороолол, суурьшлын бүсүүд сүндэрлэн босож, төр, нийгмийн үйлчилгээ нь иргэддээ ойр, монгол үндэстний өв соёл, амьдралын хэв маяг, дүр төрхийг илэрхийлсэн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болно гэдэгт итгэлтэй байна.
Улаанбаатарчууд Та бүхэндээ нийслэл хотынхоо 375 жилийн ойн өдрийг тохиолдуулан эрүүл энх, аз жаргал, эв нэгдэл, амжилт бүтээл хүсэхийн ялдамд тусгаар Монгол Улсын минь туг сүлд хийморь нь өөдөө, гал голомт нь ариун дагшин байж үеийн үед мандан бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Улсын Их Хурлын дэд дарга,
Монгол Ардын Намын дарга Миеэгомбын ЭНХБОЛД
Өглөөний сонин