Эзэн Богд Чингис хааны үеэс олон зууныг өртөөлөн, өнө ашдын дээдийг бишрэн мөргөж ирсэн эртний нийслэл Хархорин, Монгол түмний шүтээн Эрдэнэ зуу орших Орхоны уудам хөндийд наадаж буй Монгол түмэндээ энэ өдрийн мэндийг өргөн айлтгая.
Монгол түмний эрхэм дээд хүндэтгэлт хүмүүн, их соён гэгээрүүлэгч, цаглашгүй төгс номын эзэн, Анхдугаар Богд Жавзундамба, Өндөр гэгээн Занабазарын мэлмий төгс гийсний түүхт 380 жилийн ойн мэндчилгээг уламжлан мэндчилж байна. Монголчууд бид төр ёсны үүсгэл, түүх, соёлын гайхамшиг нэгэн дор цогц бүтээгдсэн энэ сайхан нутагт өнөө жил Өндөр Богдынхоо өлмий оршсон түүхт хөндийд даншиг наадмаа зохион байгуулж буй нь түүхийн гүн утга, төрийн эрхэм ёсонтой холбоотой. Чингэж тэмдэглэхийн учир нь Өндөр гэгээн Занабазар Монгол нутагтаа бурхны шашныг сэргээн үүсгэсэн төдийгүй дорно дахины сонгодог урлагийн гоц гойд авъяас билэгт төлөөлөгч, нэрт соён гэгээрүүлэгч, Монгол болон дотоод Азийн амьдралд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн улс төрийн зүтгэлтэн байсныг түүхийн баримт нэгэнт гэрчилдэг.
Өндөр гэгээн Занабазар Монгол оронд буддын шашныг дэлгэрүүлэхдээ түүний үзэл санаа, сэтгэлгээг уламжлалт монгол иргэншил, ахуй амьдралын салаа мөчир бүрнээ идээшүүлэн шингээж, нүүдэллэн аж төрөх хэв маяг, соёл, зан заншил лугаа нийцэн зохицсон өөрийн гэсэн өвөрмөц өнгө аяс, дүр төрх бүхий Монголын бурхны шашныг бүрэлдүүлэн төлөвшүүлсэн юм.
Богд их гэгээнтэн бурхны шашны төвлөрсөн хэд хэдэн том сүм хийдийг уран барилгын өөрийн дэг сургууль, инженерийн тооцоон дээр үндэслэн байгуулсан нь өнөөгийн Монгол улсын нутагт соёлын гайхамшигт өв нууцаа хадгалсаар оршиж байна. Түүнийг Монголын их хутагтад залах ёслолыг Ширээт Цагаан нуурт үйлдэж Шар бүсийн ордыг байгуулснаар өнөөгийн Монгол улсын маань нийслэл хотын үндэс суурь тавигдсан түүхтэй. Миний бие санаачлан Өндөр гэгээний 360 жилийн ойн хүрээнд 1999 оны 10 сарын 3-ны өлзийт сайн өдөр тус газарт нийслэлийн анхны шав тавьсныг дуурсган гэрэлт хөшөөг босгосноос хойш жил бүр ёслол хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлал тогтсоныг тэмдэглэн дурсахад таатай байна. Мөн бурхан урлалын голомт, уран барилга, байгалийн гоо үзэмж төгс зохицсон Сарьдагийн хийд буюу Төгс баясгалант номын их хүрээ ч өөрийн гайхамшигт нууцаа дэлгэн олноо гайхуулж байна.
Өндөр гэгээн Занабазар нь Монгол түмэн бид бүхний дээдлэн бишрэх их хүмүүн төдийгүй дэлхий дахинд өөрийн урлаг, дэг сургууль, гоо зүй, хосгүй бүтээлийн өвөөрөө гайхагдан, хүн төрөлхтний соёлын их өв санд хадгалагдсаар байгаа билээ. Түүний зохиосон Соёмбо үсэг Монгол төрийн минь их билэгдэл, төрийн сүлдэнд мөнхөрч, дэлхий дахинд эх орныг минь төлөөлсөн алтан соёмбот далбаа намирч, тусгаар тогтнолыг минь тунхаглан илэрхийлсээр байна.
Монголчууд бидэнд эв нэгдэл, бие биенээ хүндэтгэх, өв соёлоо дээдлэх, өнгөрсөн түүхээ үнэн бодитойгоор харж дүгнэхийг Өндөр Богдын түүхт ой сануулж байгаа гэж би бодож байна. Өндөр гэгээн Занабазар бол монголчуудыг эвтэй найртай байлгахын төлөө ухаанаа уралдуулж, санаагаа сааж байсан суут сэтгэгч эрдэмтэн мөн. Түүний мэргэн санаа, гүн ухааны бадрал, бясалгал нь “Жанлав цогзол” буюу “Цаг лугаа зохилдуулсан залбирал адистадийн дээдийг хайрлагч оршвой” хэмээх зохиолын утгыг Монгол хүн бүр сэтгэлийн гүнд цээжлэн, ухааны цараанд хадгалан санаж явах ёстой билээ.
Өндөр Богдын өлгий нутаг Өврийн сайхан хангайн зон олон, өнө эртний түүхт Хархорин хот оршин байсан Орхоны уудам хөндийд дэнж хотойтол сайхан наадаж, өв соёл, өнгөрсөн түүхээрээ бахархан цэнгэж, ирээдүйн их үйлсийг бүтээх сэтгэлийн хүч, оюуны их ухаарлыг олж авахын өлзийтэй ерөөлийг Монгол Ардын Намын мянга мянган гишүүд дэмжигчдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа дээдлэн өргөж буйг минь хүлээн авна уу.
Өндөр Богдын өлмий дор мөргөмү
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД
2015 оны 7 дугаар сарын 25