ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

2014/09/02 18:30 1615

Эх орныхоо өнцөг булан бүрт суугаа багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн мэргэд, хүүхэд залуучууд, эцэг эхчүүд, боловсролын салбарын нийт ажилтнууд Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг Монгол Ардын Намынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэж, ажил үйлс амжилт бүтээл, сурлагын өндөр амжилтыг хүсье.

Монгол айл өрх, эцэг эхчүүд, эрдэмтэн мэргэдийн минь хичээн бэлтгэдэг эрхэм баярын нэг бол хичээлийн шинэ жил билээ. Өнөөдөр манай улсын их дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг бүхэн инээд баясал, эрдмийн баяраар цалгиж, анхны хонхны дуугаар шинэ хичээлийн жилээ эхлүүлж байна. 

Шинэ хичээлийн жил бүхэн онцлогтой, эргэж бодогдох олон сайхан дурсамжтай байдаг билээ.

Шинэ хичээлийн жил бүхэн онцлогтой, эргэж бодогдох олон сайхан дурсамжтай байдаг билээ. 2014-2015 хичээлийн жилд манай улс бага боловсролыг шинэчилсэн хөтөлбөрөөр олгохоор болсон нь шинэ түүх болон бичигдэх юм. Эрдэм номын их замд хөл тавьж, эцэг эхээ баярлуулж, эрдэмтэн мэргэдээр хөтлүүлсэн нийт хүүхэд багачууддаа, их дээд сургууль, коллежид элсэн орж, ажил мэргэжлээ сонгож байгаа оюутан залуустаа сурлагын их амжилтыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Эх орынхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирсэн эрдэмтэн мэргэд, багш сурган хүмүүжүүлэгчид Та бүхнийхээ нөр их ажил үйлсэд амжилт хүсэн талархал илэрхийлье.

Эрдэм номонд хязгаар гэж үгүй. Хорин нэгдүгээр зуунд мэдлэг боловсрол, ур ухаан - улс орны маань амжилттай оршин тогтнох үндэс болж байна. Тийм ч учраас та бүхэнийгээ эрдэм номондоо шамдан, тив дэлхийн үе тэнгийнхэнтэйгээ хөл нийлүүлэхүйц 21-р зууны шинжлэх ухаан технологийн өсөлт амжилтанд шамдан суралцана гэдэгт итгэж байна.   

Эх оронч үзэл, эх түүхээрээ бахархах, эцэг өвөгдийнхөө их үйл хэргийг санаж, хичээж явах нь өсвөр үе, залуучуудын маань эрхэмлэх зүйлийн нэг билээ. Энэ хичээлийн шинэ жилийн бас нэг онцлог нь Домогт халхын голын 75 жилийн түүхт ойтой давхцаж байгааг тэмдэглэн хэлмээр байна. Зоригт Монголын охид, хөвгүүд 75 жилийн тэртээ улс орныхоо тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө Халхын голд амь биеэ үл хайрлан тулалдаж, Та бидний өнөөдрийн сайхан амьдралын төлөө баатарлаг гавьяа байгуулсаныг та бүхэн дурсан санаж явах ёстой.

Улс эх орны минь ирээдүй хүүхэд залуус та бүхэн шинэ хичээлийн жилдээ эрдэм номд шамдан суралцахын зэрэгцээ эв эеэ эрхэмлэж, хамт олныхоо дунд нэр хүндтэй, нийгэмд ёс суртахуунтай бие хүн болж төлөвших талаар ямагт анхаарч байх хэрэгтэй.

Манай нам хүүхэд багачууд, оюутан залуучууд Та бүхнийхээ сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулах, Монголын боловсролыг дэлхийн жишигт хүргэх талаар үргэлж санаачилга гаргаж ирсэн. Цаашид ч бид та бүхнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хичээн ажиллах болно.

Эрдэм номын цагаан буян дэлгэрэх болтугай