Эрхэм хүндэт Бүрэнчүүд ээ,
Эх нутгийн иргэд, наадамчид аа,
Та бүхэнд Төв аймгийн ууган сумдын нэг Бүрэн сум үүсэн байгуулагдсаны түүхт 91 жил, Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн мэндэлсний 120 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Энэ жил Төв аймгийн Бүрэн сумын баяр наадам олондоо “Монгол төрийн мэргэн өвөө” хэмээн хүндлэгдсэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 120 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог болж байна. Нар хур тэгширсэн наадмын өдрүүдэд алдар гавьяатнуудын өлгий нутаг төрийн их хүнээ бахархан дурсаж, үйл хэргийг нь мөнхжүүлж байгаад талархаж байна. 1895 онд Төв аймгийн Бүрэн сумын нутагт ард Жамсрангийн гэр бүлд мэндэлсэн хүү өөрийн хичээл зүтгэлээр бичиг үсэгт суралцан Монгол төрийн чухал албуудыг хашиж, улс орноо хөгжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх нөр их ачааг үүрэлцсэн нэрт дипломатч, нийгмийн зүтгэлтэн болж, Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүнээр сонгогдон, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар 18 жил ажилласан юм.
“Эх нутгийн иргэд” ТББ-аас БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, Улс түмний хоорондын Энх тайвныг бэхжүүлэхийн төлөө Лениний шагналт Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Шатар ухаан-2015” тэмцээнийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэ тэмцээн ирэх намар Төв аймагт үргэлжлэх юм. Миний бие “Залуу үеийг өв тэгш хүмүүжүүлэн, Монгол улсыг хөгжүүлж, төрийг түшилцэхэд шатар ухаан хэрэгтэй” хэмээн үздэг нэгэн билээ.
Энэ түүхт ойгоо Бүрэнчүүд хоёр түмэн адуу өсгөсөн сайхан амжилтаар угтаж байгааг миний бие ихэд бэлгэшээж байна. Монгол төрийн сүлдэндээ мөнхөлсөн морин эрдэнэ адуугаа үй түмээр нь өсгөсөн та бүхэнд баяр хүргэе!
Эрхэм хүндэт малчид, нутгийн зон олон минь эрүүл энх байж, эрдэнэт мал сүрэг нь түм бумаараа өсөн үржиж, эх сайхан нутагтаа жаргалтай сайхан амьдрахын ерөөлийг өргөн дэвшүүлье!
Та бүхэн сайхан наадаарай!
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД
2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр