М.Энхболд Бэйрдийг хүлээн авч уулзав

2014/07/24 17:26 763

Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрдийг өнөөдөр /2014.07.24/ хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд уулзалтьн эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболдын 2013 онд Канад Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай хэрэгжсэнийг онцлон тэмдэглээд ноён  Жон Рассэл Бэйрдийг Монгол улсад тавтай айлчлахыг хүссэн юм.

Мөн тэрээр хоёр орны парламентын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, өндөр хэмжээний айлчлалууд тогтмолжиж байгааг дурдаад цаашид хоёр талын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд тулгуурлан бусад салбарыг идэвхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрд Монгол, Канад хоёр улсын  худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбар төдийгүй батлан хамгаалах, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд харилцан санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хэвлэл мэдээллийн алба: УИХ