Эрхэм журмын нөхөд өө,
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Намын ээлжит XXVII Их хурлаас 2012 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгууль, 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам тавьсан зорилтоо биелүүлж чадаагүй учир шалтгаан, алдаа оноогоо дүгнэн цэгнэж намын шинэчлэлийн цаашдын зорилтуудаа тодорхойлсныг Та бүхэн сайн санаж байгаа.
Намын XXVII Их Хурлын шийдвэр болон намын үйл ажиллагааны шинэчлэлийг хэрэгжүүлж эхлээд хагас жил гаруйн хугацааг бид ардаа өнгөрөөсөн байна.
Энэ хугацаанд намын Удирдах Зөвлөл, Ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн боловсронгуй болгохын хамт Удирдах Зөвлөл, УИХ дахь намын бүлгийн ажлын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн бодлого удирдлагаар хангахад анхаарч ажиллаж ирлээ.
Гишүүд, дэмжигчид болон иргэд сонгогчидтой ойртож хамтран ажиллаж, тэдний санал бодлыг намын бодлого, үйл ажиллагаанд тусгах зорилгоор УИХ-ын гишүүдээс намын бүс хариуцсан орон тооны бус Нарийн бичгийн дарга нарыг сонгон ажиллуулж байна.
Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанд нийгэм, эдийн засаг, эрх зүйн чиглэлийн бодлогын газруудыг шинээр байгуулсан бөгөөд эдгээр газрууд хариуцсан ажлын чиглэлээр мэргэжлийн судалгаа, дүгнэлт хийх, намаас баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлоход зохих хувь нэмэр оруулж байгаа юм.
Түүнчлэн намын Ажлын алба, УИХ дахь намын бүлгийн Ажлын албаны уялдаа холбоо сайжирч, харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах чиглэлээр үйл ажиллагаа нь идэвхжиж байна.
Манай нам XXVII Их хурлаас үндэсний язгуур эрх ашгийг дээдлэн, улс орны эдийн засаг, нийгмийг тогтвортой хөгжүүлэх асуудлаар улс төрийн нам хүчнүүдтэй зөвшилцөж, хамтран ажиллах талаар гаргасан уриалгыг ажил хэрэг болгох зорилгоор миний бие санаачилан Намын дарга нарын түвшинд 5 удаа, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын түвшинд 6 удаа уулзаж, Үндэсний зөвшилцлийн тогтвортой бүтцийг бий болгохоор тохиролцон Тунхаг бичигт гарын үсэг зураад байна. Улс төрийн намууд хамтран Үндсэн хуулийн өөрчлөлт, төрийн тогтолцооны болон сонгуулийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудал, Улс төрийн намуудын тухай хууль, стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүд зэрэг асуудлуудаар санал солилцож, зөвшилцөн шийдвэрлэж байхаар тохиролцсоныг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Манай нам өнгөрсөн зургаан сар гаруйн хугацаанд Их хурлын бодлого, шийдвэрийг сурталчилах 2 удаагийн аяны хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, сумдаар явж, ард иргэдийнхээ санаа бодлыг сонсож, гишүүд, дэмжигчдийн сэтгэлийг зовоосон олон асуудлаар санал солилцсон.
Намын удирдлага, УИХ-ын гишүүд долоо хоног бүр Тусгаар тогтнолын ордонд “Ард түмний индэр” арга хэмжээг зохион байгуулж, ард иргэдийн санал, хүсэлтийг сонсож байна. Иргэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, цалин тэтгэвэр тэтгэмж нь амьжиргаагаа залгуулахад хүрэлцэхгүй байгаа, ажилгүйдэл ядуурал газар авсан талаар бидэнд ярьж хэлж байна.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, 1990 оноос хойш манай намаас УИХ болон Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүмүүс, бизнес эрхлэгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний санал бодлыг улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд болон намын бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллаж байна.
Миний бие Намын даргаар сонгогдохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө намаа шинэчлэх урт, дунд хугацааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр тусгасны дагуу намын Нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг томилон ажиллуулж, намын дунд хугацааны стратегийн баримт бичгийн төслийг боловсруулж дуусаад байна. Энэ талаар та бүхэнд тодорхой мэдээлэл өгч, саналыг тань бас авна гэж бодож байгаа.
Намын үйл ажиллагааны шинэчлэлийн тулгамдсан зорилтын нэг нь анхан шатны байгууллагуудыг бэхжүүлж, чадваржуулах, намын гишүүдийг идэвхжүүлэх явдал юм.
Би Монгол Ардын Намын даргаар сонгогдсоны дараа нийслэлээс сонгогдсон намын Бага хурлын гишүүд сонгуультнуудад нийслэлийн НАШБ-ыг хариуцан ажиллаж санхүү, үйл ажиллагаанд нь бодитой дэмжлэг үзүүлэх чиглэл өгсөн юм. Энэ үүрэг, чиглэлийн дагуу Нийслэлийн намын хороо “Итгэлцэл-эв нэгдэл” уриан дор 2014 оныг намын анхан шатны байгууллагуудыг дэмжих жил болгон, Бага хурлын гишүүддээ нийслэлийн 152 намын үүрийг хариуцуулан тэдэнтэй “Санамж бичиг” байгуулан ажиллаж байна. Намын анхан шатны байгууллагын ажлыг идэвхжүүлэх эхлэл болгож Бага хурлын гишүүд үүрийн дарга нарт сар бүр урамшуулал олгож байна.
Манай намын үнэт зүйлсийн нэг бол ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээгээ хадгалах явдал билээ.
Намын Бага хурал, Удирдах зөвлөл, Ажлын албаны бүрэлдэхүүний олонх 35 хүртэлх насны залуучуудаас бүрдэж байна. Намын бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хангах үүднээс Монгол Ардын Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн бүрэлдэхүүнтэй Зөвлөхүүдийн танхимыг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүллээ. Зөвлөхүүдийн танхим өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааныхаа төлөвлөгөө, улс орны нийгэм, эдийн засгийн байдал болон Ахмадын талаар төрөөс баримтлах бодлого зэрэг баримт бичгүүдийн талаар хэлэлцэж тодорхой санал бодлуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Манай нам бодлого, үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэхдээ орчин үеийн мэдээлэл технологийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээг ашиглах, гишүүд дэмжигчид, анхан шатны байгуулагууд намын веб сайтаар мэдээлэл авах, санал бодлоо илэрхийлэх зэргээр цахим нам болох ажлыг эхлүүлээд байна.
Намын хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох, гишүүд дэмжигчдэд шагнал, урамшуулал олгох, бодлогын хороодын ажиллах журам зэрэг 40 орчим журмыг боловсруулан батлуулахад бэлэн болсон байгаа. Зарим нэгэн журмуудыг Удирдах Зөвлөлөөр баталсан.
2012 оны Улсын Их Хурал болон Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр манай нам УИХ-д цөөнх болж, нийслэл болон олонх аймаг, дүүргийн засаг захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх боломжгүй болсон.
Энэ хугацаанд манай нам хүчтэй сөрөг хүчин байж, улс орны язгуур эрх ашгийг хамгаалах, эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эрх баригчдын явуулж байгаа бодлого, хийж байгаа ажилд үнэлэлт, дүгнэлт өгч, тэдний алдаа, дутагдлыг шүүмжлэх, засч сайжруулах чиглэлээр нилээд ажлуудыг хийж байна.
Засгийн газрын алдаатай бодлогын уршгаар манай улсын эдийн засаг, санхүү хямралт байдалд ороод байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд огцом буурсны дотор төгрөгийн гадаад валюттай харьцах ханш 30 гаруй хувиар буурч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 20-30 хувиар нэмэгдэж, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, ядуурч байна.
Манай улсын өр 2013 оны эцсийн байдлаар 11,2 их наяд төгрөгт хүрсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 64,3 хувьтай тэнцэж байна. Хувийн хэвшлийн гадаад өрийг оролцуулбал манай улсын нийт гадаад өр 19,2 тэрбум ам.доллар болсон нь жилийн экспортын хэмжээнээс 4,5 дахин их байгаа юм.
Бизнесийн орчин өмнөх жилүүдээс ихээхэн муудснаас олон мянган аж ахуйн нэгж, байгууллага үүд хаалгаа барьж, бизнесийн үйл ажиллагаа нь хумигдаж байна.
Төрөөс бизнест оролцох оролцоо эрс нэмэгдэж, бизнес эрхлэгчдийг элдэв хяналт, шалгалтаар дарамтлан, Засгийн газар, төрийн болон орон нутгийн өмчит олон компаниуд хувийн хэвшилтэй өрсөлдөж, хувийн хэвшлийнхнийг бизнесийн үйл ажиллагаанаас шахах зэрэг зохисгүй үйлдлүүд хэрээс хэтэрч байгааг бизнес эрхлэгчид шүүмжлэлтэйгээр бидэнд хандаж хэлж байгаа юм.
Улс орны эдийн засаг хямарч, ард иргэдийн амьдрал доройтож байгаад дүгнэлт хийж, үнийн өсөлттэй уялдуулан цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, улсын өрийг цаашид нэмэгдүүлэхгүй байх, Засгийн газрын зарим гишүүд сайд нартай хариуцлага тооцох шаардлагыг УИХ дахь олонх болон Засгийн газарт удаа дараа хүргүүлж сөрөг хүчний үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Гэвч эрх баригчид УИХ болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд асуудлыг олонхоороо хүч түрэн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэж, улс орны эдийн засаг, нийгмийн байдлыг улам доройтуулсаар байна. Мэргэшсэн төрийн албан хаагчдыг олноор нь ажлаас нь халж оронд нь өөрийн намын танил талын эсвэл төрөл садны хүмүүсийг томилон төрийн албыг “төрлийн” алба болгосноор төрийн албаны чадавх муудаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх үед манай нам, УИХ дахь намын бүлэг засаглалын хуваарилалтыг зөв болгох, УИХ-аас Засгийн газарт тавих хяналтыг сайжруулах, ажлын хариуцлагыг дээшлүүлэх, төрийн ажлыг цалгардуулж байгаа өнөөгийн тогтолцоог өөрчлөх үүднээс дээрх хуулийн төслүүдийг дэмжиж, хуулийг энэ оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх тухай зарчмын санал гаргасан. Харамсалтай нь УИХ дахь олонх эрх баригчид энэхүү хуулийг санаачилсан Ерөнхийлөгчид нь буцааж, дэмжихгүй гэсэн шийдвэр гаргалаа.
Төрийн албыг данхайсан нүсэр бүтэцтэй болгож, хүнд суртал, шат дамжлагыг улам нэмэгдүүлж байна. Өнөөдөр Засгийн газар, яам, агентлагуудад 180,1 мянган төрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад 47 мянган ажиллагсадтайгаар ажиллаж нийт 230 орчим мянган хүн ард түмний татварын мөнгөөр цалинжиж байна.
Эрх барьж байгаа улс төрийн хүчин, тэдний гар хөл бологсод Монгол Ардын Намын бодлого, үйл ажиллагааг дэмждэг хүмүүсийг ажилгүй, бизнесгүй, нэр хүндгүй болгон үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж улмаар манай намын зарим гишүүд, дэмжигчдийг хилс хэрэгт тулгаж, цагдан хорьж, амь нас, эрүүл мэндээр нь хохироох зэргээр хүний эрх, эрх чөлөөнд халдах явдал ч гарч байна.
2016 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгууль хүртэл 2 жилийн хугацаа үлдээд байна. Сонгуульд амжилттай оролцож ялалт байгуулах зорилготой манай намын хувьд хийх ажил их, цаг хугацаа бага байна гэдгийг би зориуд хэлэхийг хүсч байна.
Намын бүх шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвжүүлэн, ирэх сонгуульд намаа ялуулахын төлөө намын хамт олныг манлайлан, тэргүүн эгнээнд зүтгэх хүмүүс энэ танхимд манай орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Та бүхний үйл ажиллагаанаас манай намын үйл хэрэг цаашид ихээхэн хамаарах болно.
УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг нэгдсэн бодлого, зорилготой ажиллаж, үйл ажиллагаа нь эрчимжиж байгааг Та бүхэн харж байгаа байх аа. Гэтэл аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороод сөрөг хүчний үйл ажиллагааг эрчимжүүлж идэвхтэй ажиллаж чадахгүй байгаа нь ажиглагдаж байгаа юм.
Өнгөрсөн 5 дугаар сард миний бие нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид, нйслэлийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн төлөөлөгчидтэй уулзаж, тэдний хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг сонсож, санал солилцон сөрөг хүчний хувьд эрх баригчдын алдааг олон нийтэд мэдээлэх, өөрсдийн байр суурийг илэрхийлэн УИХ дахь Намын бүлэгт дэм болж, хоршиж ажиллах үүрэг даалгавар өгсөн байгаа.
Нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагуудын бүтэц, орон тоо, төсвийн зарлага хэрээс хэтэрч, аймаг нийслэлийн ИТХ-ын зарим төлөөлөгчид төрийн алба давхар хашиж хууль зөрчиж байхад тухайн шатны намын байгууллагууд үүнийг зүгээр хараад л сууж болохгүй гэдэг нь ойлгомжтой юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн намын байгууллагууд эрх баригчдын хууль бус үйлдэлүүдтэй тэмцэж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх цаг хэдийнээ болсон байна.
Намын анхан шатны байгуулагуудын нарийн бичгийн дарга нарын Улсын зөвлөгөөнийг анх 1973 онд зохион байгуулснаас хойш 1999, 2003, 2007 онуудад Намын анхан шатны байгууллагуудын дарга нарын, 2009 онд онд намын ажилтны улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, намын амьдралын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж байсан байна. Ийм зөвлөгөөнүүд бидэнд ажлын эрч хүчийг ихээхэн нэмж байсан байх юм.
Та бүхнийг цаашдын үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэх дараах зорилт, чиглэлд анхаарлаа хандуулахыг хүсч байна.
Миний бие XXVII Их хурлын төлөөлөгчдийн итгэлийг хүлээн Монгол Ардын Намын даргын албанд сонгогдоод намын шинэчлэл, үйл ажиллагааны зорилтуудыг хэрэгжүүлэхэд “үг үнэтэй байх”, “хамтын зарчим”, “шинжлэх ухаанч байх” “үзэл суртлын давшилт”“хариуцлагатай байх” гэсэн үндсэн 5 зарчмыг баримтлан ажиллахаа мэдэгдэж байсан.
Монгол Ардын Намын бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд дээрх 5 зарчим, үзэл санааг удирдлага болгон ажиллах учиртай гэдгийг Та бүхэнд дахин сануулахыг хүсч байна.
Их Хурлын бодлого, шийдвэр анхан шатны байгууллагуудад хүрч, хэрхэн хэрэгжиж байгаа талаар бодитой мэдээлэл авах, намын байгууллагууд харилцан туршлага солилцох, намын анхан шатны байгууллагуудын үйл ажлыг идэвхжүүлэх, намын ажил, амьдралд тулгамдаж байгаа асуудлуудыг оновчтой тодорхойлон шийдвэрлэх арга замыг олох нь өнөөдрийн зөвлөгөөний гол үр дүн гэж харж байна. Энэ удаагийн намын Удирдах ажилтны зөвлөгөөн хэлэлцэж байгаа асуудлаар гарах үр дүнгийн хувьд намын цаашдын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой зөвлөгөөн болно гэдэгт найдаж байна.
Намын Удирдах ажилтны зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсэхийн зэрэгцээгээр энд хүрэлцэн ирсэн Та бүхэнд эрүүл энх, ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Анхаарал тавьсанд баярлалаа.