МАН-ын бүлэг Ерөнхий сайдад гурван аймгийн асуудлаар шаардлага хүргүүллээ

2015/10/08 15:46 720

УИХ дахь МАН-ын бүлгээс Дундговь, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт үүссэн асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад "Эрх баригчид 2016 оны буюу дараагийн сонгууль эхлэх гэж байхад дөрвөн жилийн өмнөх сонгуулийн маргаан будилааныг шийдвэрлэхгүй зориуд үргэлжлүүлж байна. МАН ялалт байгуулсан орон нутгийн засаглалыг хүлээн зөвшөөрч чадахгүй дөрвөн жилийн турш маргаан үүсгэж, ардчилал, ард түмний шударга сонголтыг шийтгэж, улс төрийн буруу жишиг тогтоолоо.

Тухайлбал, Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулсан нь хууль бус болохыг тогтоосон шат шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгогдсон төлөөлөгчдийнхөө бүрэн эрхийг зөвшөөрсөн хурлаа хуралдуулахгүй байсаар сонгуулийн нэгэн бүрэн эрхийн хугацааг дуусгах гэж байна. Мөн Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн шүүхийн шийдвэрээр түдгэлзсэн хууль бус хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Та баталгаажууллаа.

Засгийн газар нь нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалтын болон аргачилсан туслалцаа үзүүлж, тэдгээрийн бие даасан ажиллагааг хангах арга хэмжээ авч ажиллах ёстой. Гэтэл Засгийн газар, Ерөнхий сайд Та аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хууль бус шийдвэрийг баталгаажуулан, орон нутагт улстөржилт, иргэдийн дунд талцал хагарал бий болгон ташуур нэмж байна.

 Иймд Засгийн газар хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлж, Дундговь, Говьсүмбэр, Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулан үйл ажиллагааг нь жигдрүүлэх арга хэмжээг авч, хариу мэдэгдэхийг ШААРДАЖ байна" гэжээ.