Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд, ноён Хамад Бин Али Аль-Аттияагийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, хоёр орны харилцаа 1990-ээд оны сүүл 2000 оны эхэн үеэс олон салбарт идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглэв. Тэрээр батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэлээдгүй олон ажил хийгдсэн ба өнөөдрийн түвшинд хүрсэн хамтын ажиллагаа нь ноён Хамад Бин Али Аль-Аттияа Монгол Улсад удаа дараа айлчилж байсны үр дүн юм хэмээн онцлов.
Ноён Хамад Бин Али Аль Аттия УИХ-ын дэд даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархаад, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад баяртай байгаагаа хэлээд цаашид улам бэхжүүлэхийн төлөө байдгаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.